Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлд 424 хүн хандсан. Энэ нь тэнд ажиллаж буй ажиллагсдад эвлэлдэн нэгдэх эрх олгохгүй байна. Дээрээс нь хөдөлмөрийн нөхцөл хүнд, ажил амралтын цаг горим зөрчигдөж байна гэх зэрэг олон зүйлийг ярьж буй юм. Мөн гадаадын удирдах ажилтнууд нь эх орондоо бүтээн байгуулалтад гар бие оролцож буй монгол ажилчдыг үл хүндэтгэсэн байдал удаа дараа гаргаж байна гэдгийг хэлж байна. Үүнийг бид өнгөрсөн сарын 18, 19-нд болсон уулзалт дээр Рио Тинтод хатуу анхааруулсан. Гэвч байдал сайжрахгүй байна. Оюутолгойн төв компани энэ асуудалд анхаарал хандуулаад бидэнд хариу өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу алга. Хариу алгаар барахгүй бидэнд гомдол ирүүлсэн ажилчдыг хавчин гадуурхах хандлага илэрч байна. 

Тиймээс Оюутолгойн энэ хаалттай орчинд хууль хяналтын байгууллагынхан болон иргэд, сэтгүүлчид хараа хяналт тавих шаардлага тулгараад байна. Мөн Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын Ажлын хэсгийнхэн анхаармаар байна.

Энэ асуудалтой холбоотойгоор бид Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нарт албан мэдэгдлийг өнөөдөр хүргүүлж байна. 

Оюутолгой төслийн уурхайд энэ оны есдүгээр сарын байдлаар 16100 хүн ажиллаж буйгаас 80 орчим хувь нь газрын гүнд 1.3 км хүртэлх далд уурхайд ажиллаж буй юм. Тус компанийн гэрээт ажилтнуудын эрх ноцтой зөрчигдөж буй тул гэрээт компани, ажилтнуудад хэд хэдэн асуудлыг хэрэгжүүлэн ажиллахыг шаардаж тус мэдэгдлийг хүргүүлж байна" хэмээн ярилаа.