Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгалаа. 

Ингэснээр 2020 оны хичээлийн жилийн танхимын сургалт цаашид явагдахгүй бөгөөд теле хичээл, онлайн сургалтаар  06 дугаар сарын 01 хүртэл хичээл сургалт үргэлжлэх болов. Оюутан, сурагчид улирахгүй, тухайн жилийн сургалтаа дуусгаж, анги дэвшинэ. Анги дэвших шалгалтыг аль ч түвшинд зохион байгуулахгүй. Сургуулиуд оюутан сурагчдынхаа жилийн эцсийн дүнг хорио цээр тогтоохоос өмнөх танхимын сургалтаар авсан эхний хагас жилийн дүнгээр тооцон гаргахыг үүрэг болгож байна. Мөн есдүгээр анги төгсөгчдийн дунд босго оноо тогтоохгүй гэв.

ЭЕШ-ыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд орон даяар цахимаар явуулж, их дээд сургуулийн элсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулна. Мөн энэхүү онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан авч буй бас нэг арга хэмжээ нь ЭЕШ өгч буй хүмүүсээс заавал авах ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталгаажсан “Монгол, хэл бичгийн шалгалт”-ыг энэ жил авахгүй байхаар БСШУСЯ-аас шийдвэрлэж, холбогдох зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 28,155 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

2020 оны хичээлийн жилийн оюутнуудын төгсөлт, 2021 оны хичээлийн шинэ жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн арга хэмжээг 2020 оны 08 дугаар 15-ны өдрөөс зохион байгуулахаар урьдчилан төлөвлөж байна.