Оюу Толгой төсөл 1.2-1.9 тэрбум ам.доллараар төсвөө хэтрүүлсэн, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хуваариасаа 16-30 сараар хоцорч яваа гэж Financial Times сонин мэдээллээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших 6.8 тэрбум ам.долларын зэсийн уурхайд үүсээд байгаа уг асуудлын талаар Рио Тинто компанийн удирдлагууд хөрөнгө оруулагчиддаа зарлахаас хэдэн сарын өмнө мэдэж байжээ. Гэвч энэ талаар олон нийтэд мэдэгдэж "шүгэл үлээсэн" хүнийг ажлаас нь гэнэт халсан байна.

Оюу Толгойд 2017-2019 оны хооронд ажиллаж байсан, хууль бусаар ажлаас халагдсан гэх Британийн иргэн Ричард Боулигийн гаргасан гомдлын мөрөөр АНУ-ын хууль хяналтынхан судалж эхэлжээ. Үүнээс өмнө 2017 онд Рио Тинто компани Мозамбик дах нүүрсний ордын үнэлгээгээ хиймэлээр өсгөсөн гэж буруутгагдаж байсан юм. Дээрээс нь Австрали дахь уурхайгаа өргөтгөхийн тулд 46,000 жилийн настай археологийн үнэт дурсгал болсон агуйг дэлбэлж орхисон хариуцлагагүй үйлдэл гаргасан нь тус компанийн удирдлага Жан-Себастьян Жак толгойны өвчин болоод байна.



Ричард Боули нь Рио Тинто компанийн Монгол дахь стратегийн төслүүд хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд Оюу толгой төсөл дээр гарсан асуудлыг 2018 оны хоёрдугаар сард анх Рио Тинто компанид мэдэгдэж байжээ. 

Тэрээр 2019 оны нэгдүгээр сар хүртэл компанийн удирдлагуудад энэ талаар анхааруулсаар байсан ч түүнийг гуравдугаар сард ажлаас нь гэнэт халсан байна. Үүнээс дөрвөн сарын дараа Рио Тинто компани хөрөнгө оруулагчиддаа Оюу толгой төсөл төсвөө хэтрүүлсэн, гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсон гэж зарласан байна.