Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр "Оюу толгой" ХХК-ийн ажилчдын цалин, амралтын хугацааг нэмэгдүүлэхийг шаардсан албан бичгийг тус компанийн гүйцэтгэх захирал өглөө.

Энэ талаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр "Би болон манай хөдөлгөөний нэр бүхий гишүүд Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын дэд хэсэгт орж ажилласан. Үүнтэй холбоотойгоор "Оюу толгой" ХХК-ийн манай хөдөлгөөнд албан тоот хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтэд "Оюу толгой компанид ажилчдын цалин, монгол хүний үнэлэмж бага, амралтын хугацаа богино байна. Үүнээс үүдэн Оюу толгойгоос Улаанбаатар хот руу онгоцоор ирдэг ч цаашаа орон нутаг дахь гэр рүүгээ явах, гэр бүлийнхэн, үр хүүхэддээ гаргах хугацаа хомс байна. Бүх уурхай 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Иймд бидний амралтын хугацааг сунгах асуудлаар холбогдох албаны хүмүүст хандаж, шийдвэрлүүлж өгөөч" гэсэн байна. Хүсэлтийн дагуу бид “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад албан бичиг хүргүүлсэн.

Харин өнөөдөр "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрест албан шаардлага хүргүүлж байна" хэмээлээ.

Армандо Торрест хүргүүлж буй тус шаардлагад:

УИХ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулсан "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, саналт дүгнэлт хүргэх" үүрэг бүхий Ажлын дэд хэсэгт Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр болон бусад гишүүд оролцож, "Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагааг судалж, ойлгож, хуулийн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлтийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. 

Үүний дүнд дараах асуудлыг нэн яаралтай шийдэхийг Армандо Торрес танаас шаардаж байна.

1. "Оюу толгой" ХХК-д 2490 гаруй хүн ажиллаж буй ч гэрээт 15 мянга гаруй ажилтан байдаг. Тэдгээрийг бүгдийг нь үндсэн ажилтнаар авч, цалинг нэмэгдүүл.

2. "Оюу толгой" уурхайн ажилчдын ажиллах хугацаа 14 хоног, амралтын хугацаа 7 хоног байгаа нь алс холын аймаг, орон нутгаас очиж ажилладаг хүмүүсийн гэр бүлийн харилцаанд ноцтой асуудал үүсгэж байгааг анхаарч, амралтын хугацааг 14 хоног болгохыг шаардаж байна. Энэ асуудлыг онцгой анхаарч, тэргүүн ээлжид шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.