Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. 

Уг үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдоно. Мөн бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 157.24 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байгаа юм.

5 дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг гурван сарын өмнө Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг хийсэн юм.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб “Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ" гэсэн билээ.