"Сократус Старт-ап Студио"-ийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах системийн шийдэлд суурилсан хөтөлбөрт “Мэдлэгээс бүү хоцор” уриатай онлайн сургалтын нэгдсэн цахим платформ MELEARN.MN элсэн орлоо. 

Гар нийлсэн таван найз нэгдэн байгуулсан тус платформын үүсгэн байгуулагч О.Төрмөнхтэй ярилцлаа. 


-Өнөөдөр та бүхэн "Сократус Старт-ап Студио"-аас өөрсдийн гарааны бизнестээ эхлэлийн санхүүжилт татаж, бизнесийн системийг бий болгох цогц хөтөлбөрт хамрагдах боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?


-Манай баг 21-23 настай залуусаас бүрдсэн. "Сократус Старт-ап Студио"-гийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрийн сонгон шалгаруулалт “PITCH DAY”-д оролцсон. Харин өнөөдөр бид Сократус Старт-ап Студиотой хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. “Сократус” бизнес инкубаторын гарааны бизнесийг зорилгоо хэрэгжүүлж чаддаг хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгох хөтөлбөр нь таалагдсан. Цаашдаа бид эхлүүлсэн ажлаа үр дүн гартал нь тууштайгаар хичээн ажиллана.


- "Сократус Старт-ап Студио"-аас суралцаж байгаа ойлгож мэдсэн хамгийн чухал зүйлээсээ хуваалцахгүй юу?

- Гарааны бизнес эрхлэгч нар заавал алдаж суралцдаг, тиймээс алдсан ч алдаандаа ач холбогдол битгий өг гэсэн хандлага, ойлголт байдаг. Харин "Сократус Старт-ап Студио"-аас алдааг хамгийн бага гаргах арга зам, алдаагаа оношлож дахин давтахгүй байх, зорилго руугаа чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн үйлдлийн түвшинд хүртэл задалж төлөвлөдөг арга, аргачлал шийдэл байгааг олж мэдсэн. 


-MELEARN платформын зорилго юу вэ?

-MELEARN платформцаг хугацаа, орон зайнаас үл хамааран мэдлэг, чадваруудаа хөгжүүлэх боломжийг хүн бүрт олгох цахим орчныг бүтээхийг зорин ажиллаж байна. Бид хөгжүүлэлтээ хийж эхлээд таван сар болж байна. Орчин үеийн боловсролын системд гарч буй томоохон хувьсгал бол цахим платформ юм. Америк, европын боловсролын системд сургалтын хөтөлбөрүүд хэдийн онлайн хэлбэрт шилжээд эхэлчихсэн. Их сургуулиуд нь дэлхийн хаана байхаас үл хамааран мэдлэг, мэдээлэл, лекц хичээлүүдээ цахимаар дамжуулан олгож байна. Edtech салбар хүчтэй хөгжиж байна. Энэ нь боловсролыг технологи ашиглан хялбар аргаар түгээх салбарын нэршил юм.  


-MELEARN платформ ижил төрлийн сургалтуудаас юугаараа ялгарах вэ?

-Зах зээл дээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд цөөн бий. Голдуу нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Бид MELEARN платформдоо олон төрлийн сургалтууд багтааж өгсөн гэдгээрээ онцлог, олон давуу талыг хэрэглэгчдэд бий болгох хөгжүүлэлтийг хийхээр төлөвлөсөн.


-Хэрэглэгч онлайнаар үзэж буй хичээлээс ойлгохгүй зүйл гарч болох юм. Энэ тохиолдолд асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Зайны сургалт богино хугацаанд ур чадвараа нэмэгдүүлэх, шинэ мэдлэгийг олж авах боломжийг олгодог. Танхимын сургалтад хүн болгон багшаасаа ойлгохгүй байгаа зүйлээ асуухаас санаа зовдог шүү дээ. Харин онлайн орчинд ийм айдас байдаггүй. Ойлгогдохгүй зүйл гарлаа гэхэд хичээлээ ахин дахин ухрааж, гүйлгэж үзэж болдог гэдгээрээ давуу талтай. Мөн бид MELEARN платформдоо онлайнаар багштайгаа чатаар холбогдож тодруулах боломжийг шинээр нэмж оруулж байгаа. 


-Тухайн хичээлийн агуулгын чанарт хэрхэн анхаардаг байх вэ?

-Бид тухайн хичээлийн сэдвийг олон жил дагнан судалсан, салбартаа туршлагатай, танигдсан мэргэжлийн хүмүүс болон албан байгууллагуудад хандан хамтарч сургалтынхаа хөтөлбөрийг боловсруулдаг. Агуулгаа байнга шинэчилж сайжруулж ирсэн. 

Одоогоор бид график дизайн, маркетинг, мэдээлэл технологи, илтгэх урлаг зэрэг хамгийн эрэлттэй байгаа сургалтуудыг бэлдэж оруулаад байна. 


-Тухайн суралцагчийг хэрхэн суралцсаныг мэдэх хэмжүүр бий юу?

-Суралцагч тухайн сэдвийнхээ хүрээнд сорил, шалгалт өгөх боломж тун удахгүй нээгдэнэ. Хэрвээ шалгалтаа 80 хувиас дээш үнэлгээтэй өгвөл тухайн суралцагчийг дараагийн шатанд суралцахад нь хөнгөлөлт өгч урамшуулна.

-MELEARN платформын хэрэглэгчдэд өгч буй хамгийн чухал давуу талыг нэрлэхгүй юу?

-Манай онлайн сургалтад хамрагдсанаар замын түгжрэлд орж стрессдэхгүйгээр тэрхүү үнэт цагаа өөрийн сонирхдог сэдэв, хүсэл сонирхолдоо зарцуулах боломжийг олгож байгаа юм. ЕБС-ийн сурагчаас эхлээд бүх насныхан сонирхсон чиглэлээрээ хурдан хугацаанд мэдлэг, ойлголтоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэмэгдүүлэх, багш нар өөрийн хичээлээ олон суралцагчид хүргэх, нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байгаа юм.

Хүн амьдралынхаа 30 хувийг сургалтын танхимд өнгөрүүлдэг гэсэн сонирхолтой судалгаа бий.  Хэрэв онлайнаар суралцвал энэ цагаа хэд дахин хэмнэж илүү ихийг суралцах боломж байна. Мөн онлайн сургалт оролцогчоос заавал бусдаас хамааралгүйгээр ухамсартайгаар төвлөрөн суралцахыг шаарддаг учраас хувь хүнийг бие даан суралцах чадварыг дээшлүүлдэг.