“Баю-бай, должны все люди ночью спать. Баю-баю, завтра будет день опять” гэж ирээд эгшиглэдэг зөөлөн аялгуутай дууг сонсч өссөн хүн бидний дунд олон. Хойд хөршийн уран бүтээлчдийн “Тавтай нойрсоорой, багачуудаа” хүүхдүүдэд зориулсан оройн нэвтрүүлгийн дуу л даа. Энэ нэвтрүүлэг одоо хүртэл цацагдаж байна.Анхны дугаар нь 1964 оны есдүгээр сарын 1-нд гарч байсан гэхээр 53 жил болсон гэсэн үг. 


1963 оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн ийм төрлийн нэвтрүүлэг гаргах тухай асуудал хөндөгдөж, анхны зохиомжийг бичин боловсруулж, гол баатрууд буюу хүүхэлдэйнүүдийн талаар ярилцаж эхэлжээ. 

Германы хүүхэлдэйн киноноос санаа авчээ

ЗСБНХУ-ын Төв телевизийн хоёрдугаар сувгаар анхны нэвтрүүлгийг нь гаргаж байж. Ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэх санааг анх Хүүхэд, залуучуудад зориулсан нэвтрүүлгийн редакцийн Ерөнхий редактор Валентина Фёдорова Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсад айлчлахдаа олжээ. 

Валентина Германд байхдаа “Элсэн хүн” гэх хүүхэлдэйн киног үзээд л нэвтрүүлэг хийх санаа төрсөн гэдэг. Ингээд л Александр Курляндский, Эдуард Успенский, Роман Сеф зэрэг олон хүнтэй хамтран хүүхдийн нэвтрүүлэг бэлдэхээр сэтгэл шулууджээ. 

Хөтөлбөрийг боловсруулагчид нэвтрүүлэгтээ ямар нэр өгөх талаар удаан маргасан гэдэг. “Үдшийн үлгэр”, “Тавтай нойрсоорой”, “Шөнийн үлгэр” “Ид шидтэн Тик-Такийнд зочлох нь” гэсэн нэрнүүдийн хувилбарууд яригдаж байжээ. Ингээд анхны дугаар нь “Тавтай нойрсоорой, багачуудаа” гэсэн нэртэйгээр гарч байв. 


Брежневийг нас барахад л нэг дугаар өнжжээ

Эхний нэвтрүүлэг яриатай зураг байсан бол дараа нь хүүхэлдэйн жүжгийн хэлбэртэй болсон юм. Хүүхэлдэйн жүжигт Буратино, Тёпа туулай (нэвтрүүлгийн анхны баатрууд), Шустрик, Мямлик хэмээх хүүхэлдэйнүүд байв. Үүний зэрэгцээ нэвтрүүлгийн оролцогчид нь 4-6 насныхан байжээ. Мөн театрын жүжигчид тэдэнд үлгэр ярьж өгдөг байлаа. Түүнээс хойш Хрюша тоорой, Филя нохой, Степашка туулай, Каркуша хэрээ , Цап Царапыч муур, Чучуня зараа, Ерошка хүү, Буратино гээд баатруудыг нэрлэж болох юм. 

1970-аад оны дундуур Оросын сая сая хүний мэдэх хэлбэртэй болж иржээ. Нэвтрүүлэг байнгын хөтлөгчтэй болсон агаад Оросын шилдэг жужигчид хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байлаа.Иссак Магитон, Иосиф Бейдер, Петр Соседов зэрэг нэрт хөтлөгчдийг нэрлэж болох юм. Сонирхуулахад, Леонид Брежнев 1982 онд нас барах үед л нэг дугаар гараагүй гэдэг. Энэ нь мөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр аж. 

1964-1991 онд хүүхдийн нэвтрүүлгийг ЗСБНХУ-ын Улсын радио, телевизийн газар удирдан явуулдаг байжээ. 1991 онд Хүүхдийн редакци нь Шаболовка-гаас Останкино руу нүүж байжээ. Тухайн үед хямрал нүүрлэснээс энэхүү нэвтрүүлгийг хаах хүртэл асуудал яригдаж байсан гэх. 

Харин 1994 оноос хойш “Тавтай нойрсоорой, багачуудаа” нэвтрүүлгийг “Класс” хэмээх хувийн компани хариуцан гаргахаар болж. Түүнээс хойш долоон жилийн дараа буюу 2001 онд санхүүжүүлэлт зогссоноос тус нэвтрүүлгийг “Культура” сувагт шилжүүлж байжээ. 


В.Путин барын зулзага Мурын “аав” нь

Түүнээс гурван жилийн дараа нэвтрүүлгийг 3D форматаар гаргах болсон байна. Тухайн үед барын зулзага Мур хүүхэлдэйн гол баатар болов. Энэхүү шинэ дүрийг санаачилсан нь хүн нь буюу “аав” нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин. Тэрбээр Амурын барыг хамгаалах тухай тусгай төслийг удирдан ажиллах үедээ санаачилжээ. Энэ талаар “Класс” телевизийн ТУЗ-ийн дарга А.Митрошенков ярьсан байна.

2016 оны есдүгээр сараас “Карусель” сувгаар “Өглөөний мэнд, багачуудаа” гэх нэвтрүүлэг гарах болжээ. Хөтлөгчид нь Антон Зорькин , Ольга Миримская, Анна Михалкова, Николай Валуев, Марина Яковлева и Сергей Белов нар.

Хүүхдийн хамгийн дуртай эртний нэвтрүүлгийг өдөр бур Москвагийн цагаар 20 цаг 45 минутад оросын телевизийн дэлгэцээр гаргасаар байна. Хүүхэлдэйн кино бүхий нэвтрүүлэг бүр 15 минут үргэлжилдэг. Нэвтрүүлэг «Ядарсан тоглоом унтаж байна» гэдэг дуугаар уламжлал ёсоор төгсдөг байна. Тус нэвтрүүлэг нь Оросын соёлын салшгуй нэг хэсэг болжээ. “Ядарсан тоглоом унтаж байна” хэмээх дууны аяыг хөгжмийн зохиолч Аркадий Островский, үгийг Зоя Петрова бичиж, эхлээд Валентина Дворянина дуулж амилуулжээ. Хожим Валентина Толкунова, Олег Анофриев нар дуулж байжээ.


Эх сурвалж: wikipedia