2018 оны эхний зургаан сарын хугацаанд Оросын шинжлэх ухааны салбарын ажилтнуудын дундаж цалин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,7 хувиар өсч, 86,1 мянган рубль болжээ. Энэ тухай “Высшая школа экономики” гэдэг Оросын Үндэсний судалгааны их сургуулийн статистикийн судалгаа ба эдийн засгийн мэдлэгийн хүрээлэн мэдээлсэн байна.

Тэдний дотор эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин 2,1 дахин өсч, 93,7 мянган рубльд хүрсэн нь дээрх өсөлтөд голлон нөлөөлжээ. Харин шинжлэх ухааны байгууллагууд, бүтцийн нэгжүүдийн удирдагчид болон тэдний орлогч нарын цалингийн хэмжээ 107,3 мянган рубль болж нэмэгдсэн байна. Ингэснээр удирдах ажилтнууд болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалингийн зөрүү багасчээ.

Үүний сацуу эрдэмтдийн цалин хөлс бүс нутаг бүрт өөр өөр байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Москвад гэхэд, 2018 оны эхний хагас жилийн байдлаар шинжлэх ухааны байгууллагын даргын сарын дундаж цалин нь Свердловск мужид ажилладаг даргынхаас 1,7 дахин, Москва ба Новосибирск мужуудад ажилладаг удирдах ажилтныхаас 1,2 дахин их байжээ.  

2012 онд гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу 2018 он гэхэд шинжлэх ухааны ажилтнуудын дундаж цалин нь тухайн бүс нутаг дахь дундаж цалингаас 200 хувиар дээгүүр болсон байх ёстой аж.

2017 онд эрдэмтдийн дундаж цалин 64,2 мянган рубль байсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг