Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж,  энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Ноён В.В.Путин УИХ-ын даргад талархал илэрхийлээд, Халх голын ялалт бол бидний хамтын нөхөрлөл, найрамдлын түүхийн нэгэн илэрхийлэл юм. Энэ ялалтын ач холбогдол манай хоёр ард түмэнд үнэ цэнэтэй байсаар байх болно гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Чин сэтгэлийн хандлага, илэн далангүй бодит харилцаа бол найрамдал юм” гэсэн Оросын суут жанжин А.В.Суворовын хэлсэн үгийг дурдаад, Таны Халх голын ялалтын ойд биечлэн оролцож, албан ёсоор айлчилж буй нь  ОХУ-ын удирдлага, Оросын ард түмэн хоёр орон, ард түмний найрамдал нөхөрлөлийн үнэ цэнийг дурсан хүндэтгэсээр байгааг дахин нотолж байна гэлээ.    

Тэрбээр Таны айлчлалын хүрээнд хоёр талын харилцааны түвшинг ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр хэлэлцэн тохиролцож буйд баяртай байна хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын нягт хэлхээ холбоо нь худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэв.

Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярих үеэрээ “2018 онд хоёр улсын хоорондох худалдааны хэмжээ 27 хувь өсөж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдааны хэмжээ ийнхүү өсөж байгаа нь биднийг баярлуулж байгаа хэдий ч Оросын талд дийлэнх хэсэг нь ногддог байдал үргэлжилсээр байна. Монголын экспортын хэмжээ нийт бараа эргэлтийн дүнд ердөө 5 хувийг л эзэлж байгаа юм. Ийм дүр зураг олон жилийн турш үргэлжилсээр байна” гэлээ.