Оросын иргэн Александр Прокопчукт Интерполын шинэ тэргүүнээр сонгогдох боломж олгохгүйн тулд тус байгууллагын Ерөнхий Ассамблейн гишүүдэд нөлөөлөхийг хүссэн нээлттэй захидлыг Америкийн Конгрессын хоёр танхимын гишүүд улсынхаа Ерөнхийлөгч Дональд Трампт илгээжээ. Захидлыг Нью-Хэмпшир муж улсаас сонгогдсон сенатч, Ардчилсан намын гишүүн Жен Шахин цахим хуудастаа байрлуулсан байна.

Шахинаас гадна уг захидалд Бүгд Найрамдах намын гишүүн Марко Рубио болон Рожер Уикер, мөн Ардчилсан намын гишүүн Крис Кунс гарын үсэг зуржээ. “Хошууч генерал Александр Прокопчукийг Интерполын шинэ тэргүүнээр сонгох нь үнэгэнд тахиа хадгалуулсантай адил зүйл. Улс төрийн өрсөлдөгчид, тэрс үзэлтнүүд болон сэтгүүлчдийг мөрдөж, оноо авахын тулд Орос улс Интерполыг байнга буруугаар ашигладаг. Александр Прокопчук эцсийн дүндээ ардчилсан байгууллуудыг сулруулж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путины захиргаадалтын дэглэмийг бэхжүүлэхэд чиглэсэн айлган сүрдүүлэх бодлогод биечлэн оролцсон” гэж сенатчид үзэж байгаа аж.

“Путин болон бусад дарангуйлагчдад шударга бус зорилгодоо хүрэхийн тулд Интерполыг дахин ашиглах боломж олгохгүйн тулд нөлөөгөө ашиглахыг бид засаг захиргаандаа уриалсаар байх болно” гэж Сенатын гишүүд хэлжээ.

Интерполын өмнөх тэргүүн Мэн Хунвэй 10 дугаар сард Хятадад авилгын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаныхаа дараа огцорсон билээ. Энэ сарын 21-нд болох тус байгууллагын тэргүүний сонгуульд Оросоос нэр дэвшигч Александр Прокопчук ялна гэж Москва найдаж байна. Тэрбээр 2011 оноос хойш ОХУ-ын Дотоод хэргийн яамны Интерполын Үндэсний төв товчооны даргаар ажиллаж, 2016 оноос хойш Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS