2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд улс даяар нэгэн зэрэг явагдана.

Хуулийн дагуу уг сонгуулийн сурталчилгааг 2020 оны 09 дүгээр сарын 30-нд эхлүүлж, 10 дугаар сарын 10-ний 00:00 цагаас өмнө зогсооно.

Үүнтэй холбоотойгоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулахаар хуульчилсныг хүргэж байна.


38 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа 

38.1 Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

38.2 Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • Ухуулах байр ажиллуулах;                                     
  • Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • Цахим орчин ашиглах;
  • Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх. 

38.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна. 

38.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана. 

38.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. 

38.6.Энэ хуулийн 38.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх болон хаана саналаа өгөхөө ЭНД дарж шалгана уу.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

Мөн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг товлон зарласантай холбоотойгоор 2020 оны 08 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 16-ныг хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг улс даяар зогсоож буйг анхаарна уу.