ХХ зууны Монголын хүүрнэл зохиолын сонгодог туурвилын нэгэнд зүй есоор багтах эл зохиол эзгүй говь цөлд хаягдсан сохор эрийн золгүй хувь тавилангийн тухай өгүүлэмжээр эхэлж байгаа нь зохиол төгсгөлөөсөө шууд эхэлсэн бас л нэг өвөрмөц сонин зохиомж юм. "Сагардагамын зам мөрийг хөөсөөр энд хүрдэг байжээ" гэж хүүрнэх өрөвдөлт сохор хүний хувь тавилан,амьдралын ээдрээ нугачаа уншигчийн сонирхолыг өөрийн эрхгүй татна.

Бурханд чин сүсэгтэй ядуу тарчиг эцэг эхийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хар бага наснаасаа хийдэд шавилан суусан Санж хүү нэг л өдөр гэцлийн сахил хүртэн алс хол Түвд орныг зорин эрдэм номын мөр хөөх их аянд гарчээ.Төрөлхийн ухаан сэргэлэн,ой сайтай авьяаслаг хүүг Буянзалбирах хийдийн лам нар ажиж шинжээд ирээдүй хойчид өөрсдийн залгамж халаа болгохоор шийдэн багш лам Чоймчигийн хамт Лхасзуу руу үдэн мордуулж шашин номыг төгс төгөлдөр сурах үүрэг даалгавар өгч явуулсан нь энэ ажээ.Засагт хан аймгаас эхэлсэн урт удаан аялалын замд үрийн хутаг гуйх, өвчин зовлонгоос салах, нүгэл хилэнцээ нимгэлэх, буяны үйлээ аривтгах, хол газар явж юм үзэж нүд тайлах гэх мэт олон янзын зорилго өвөрлөсөн хэсэг хүмүүс нэгэн гал болж бурханы орныг зорихдоо олон сонин хачин зүйлтэй нүүр учирч, айх гайхах, алмайрах бишрэх хосолсоор адал явдлаар дүүрэн аян замыг туулан зорьсон газраа ирнэ.


Тангад,Түвд,Балба,Жагар,Монгол таван хэлийн амьтан цугласан бурханы орны сонин хачныг Чоймчиг лам шавьдаа нэгд нэгэнгүй тайлбарлан өгч буй нь нэн сонирхолтой төдийгүй тухайн үеийн Түвд орны амьдрал ахуй, зан заншил, шашны талаарх бүх л нарийн ширийнийг зохиолч нүднээ харагдтал урнаар дүрслэн бичсэн нь гайхалтай. Ихэнх нь үл мэдэхийн мананд хучаастай орчлонгийн мөн чанарт нэвтэрхийг хүссэн Санж хүүг багш лам нь Түвдийн алдарт Бэрээвэн хийдэд суулгаад өөрөө зулын гол болж нүглийн золиогоо төлжээ.Харин ямар учраас зулын гол болж буйгаа тодорхой хэлсэнгүй, гэлэн хүний сахих хоер зуун тавин гурван сахилаас нэгий нь сахиж чадаагүй нь дааж давшгүй том нүгэл тул ийнхүү шийдсэнээ хэлээд нэг боодолтой юм өгч хожим өөрий нь сурагласан хүнд өгөөрэй гээд сэтгэл хоёрдолгүй эрдэм номдоо хичээнгүйлэн шамдахыг захина.Ухаан сэргэлэн, авьяас билэг төгөлдөр гэцэл Санж бурхан шажны номыг чинээнд нь тултал үзэж бусад олон лам нараас илэрхий илүү байгаагаа мэдэрнэ.
Төрсөн нутаг Хар азаргын нуруу,Уст чацрангын гол, эцэг эх, дүү нараа санахын дээдээр санавч эрдэм номын оройд нь хүрнэ гэсэн туйлбартай хатуу бодол, чин зорилго нь түүнийг хатуужуулж нэг үзүүрт сэтгэлийг барин зүтгэсээр өөрийнхөө санасанд хүрч цол хэргэм өндөр, мяндаг тушаалтай олон лам нартай ном хаялцан цоорч төгсгөлгүй эрдэмт буюу Лхаарамба цол хүртэнэ.Энэ хооронд тэрээр олон янзын зүйлтэй нүүр учирч, бурханы ариун орон хэмээн сүслэн дээдлэж ирсэн газар нь бузар булай, муу муухай үүрэлсэн, ядуу гуйлгачин, тонуулч дээрэмчин, аймшигт тамлал үзүүлэх шорон гяндан зэрэгцэн оршиж байгаа нь сэтгэлд нь багтамгүй хачин ертөнц байлаа.


Бэрээвэн хийдэд шавилан суусны дараахан нумнэй сахих мацгийн үеэр бие нь гэнэт муудан хэвтэрт ороход түүний багш Линсрэй гавж арга засал, гүрэм дором хийж сүнс сүлдий нь дуудаж, золиг гаргаад ч нэмэргүй, Мамба дацангийн алдартай оточ маарамба уламжлалт эмчилгээний нарийн нандин арга ширгээ хэрэглээд ч дийлээгүй байхад шимнанцын сахил хүртсэн Бэрээмэг хэмээх Монгол эмгэн сонгинотой шөлөөр эмчилж хөл дээр нь босгосон тэр явдлаас үүдэн эргэлзээ төрж эхэлсэн байжээ.
Амьд хүний ясанд шунагч Жалсан жинжүг, үхсэн хүний хүүр булаалдан зодолдох яргачин донзонпа нар, гэмгүй мөртлөө шоронд тамлуулсан нутаг нэгт Бөхмагнай, сорын үнс булаацалдан алалцах ядуу гуйлгачингууд гээд түүний үзсэн харсан бүхэн хутагт хувилгаад, эрдэмт лам нар хуран чуулсан бурханы ариун дагшин оронд байж боломгүй үзэгдэл байлаа.


Бурхан шашны хамаг нууцыг мэдсэн хүнийг Түвд орноос гаргадаггүй нууц хуультайг тэр мэдсэнгүй.Гэтэл нэг анги зиндааны байнга маргалдаж муудалцдаг байсан Пагсан түүнд энэ тухай сануулан хэлдэг бол, түүний дотны анд Чогсон амь насы нь хөнөөхөөр шөнө гэрт нь орж ирдэг. Юм л бол хэлээ гарган хоер эрхийгээ гозойлгож шилээ маажин гүшүү гүшүү(дээдэс) хэмээн бусдын өмнө бөхөлзөн бялдуучилж, үргэлж долигнон явдаг Түвд хүмүүсийн дотроо юу бодож байдгийг Чогсонгоос харж болохоор ажээ.
Төгсгөлгүй эрдэмд хүрсэн ч амь нас нь халгаатай болсон тул зүсээ хувирган нутгийн зүг оргон зайлахдаа Чоймчиг багшийнхаа үлдээсэн алтны талыг Бэрээмэг эмгэний гэрээсээр Аниг Гомбоо гэх хандмаа нарын хийдэд хүргэж өгөхдөө шунаг сэтгэлтний харгайгаар бас л үхлийн ирмэг дээр ирнэ.Энэ үед урд аянд хамт явж байсан, цэргээс оргон уулын дээрэмчин болсон Бөхмагнай таарч нутгийн зах хүртэл гаргаж өгдөг.Эсэн мэнд нутгийн бараа харсан Санж эрдмийн өндөр цол хүртсэн учир Буянзалбирах хийдийн хамбын ширээнд залардаг.


Элбэрэлт эхийн дурсгалд зориулж чойрын шинэ дугана барих ажлыг санаачлан зургий нь гаргаж өөрөө биечлэн удирдаж бариулж эхэлдэг. Ойрхон хөдөө гэрлүүгээ явах зуур тэнгэр муухайрсаны улмаас зам төөрч нэгэн айлд очсон нь урд аянд хамт явсан Отгон бүсгүйнх байжээ.Үрийн хутаг гуйж бурханы орныг хоёронтоо зорьсон ч хүсэл нь биелээгүй, анхны нөхөр нь зам зуур нас барж, Бөхмагнайтай ханилан суусан боловч замын дээрэмчидэд баригдан сураг тасарсан тухай зовлонт амьдралаа ярьдаг.
Ингээд хоосон номлолыг бодит амьдрал ялж хамба лам Санж Отгон бүсгүйтэй нууц харилцаа тогтоон эр эмийн холбоотой болдог.Энэ үед Чоймчиг багший нь сураглаж нэгэн залуу ирсэн нь түүний хүү байжээ.Багш нь залуу насандаа нэгэн бүсгүйтэй нууцхан ханилж хүүхэдтэй болсондоо машид гэмшиж дааж давшгүй том нүгэл үйлдлээ хэмээн зулын гол болсон бол харин Санж амьдралынхаа зөв зам мөрийг оллоо гэж боджээ.


Хар багаасаа эхлэн төгсгөлгүй эрдэмт цолонд хүртлээ уншиж цээжилсэн ном судар нь амьдралд ямар ч нэмэргүй хоосон эд болохыг ухаарч, шашны бүх зан үйл, бурхад догшидын дүрүүд нь билэгдэл төдий болохыг тэр одоо нэгэнт мэдэх болжээ.Үрийн хутаггүй гэх Отгон бүсгүйг хөл хүнд болсон дуулианаар тэдний холбоог мэдэх Буянзалбирах хийдийн том лам нар Санжийг шахаанд оруулж шар шувтлуулдаг.Тэд түүний сурсан эрдэмд атаархаж далим хайн өө сэв эрж байсныг Санж гадарласангүй.
Энгийн хар хүний амьдралаар сайхан амьдрана гэсэн хүслий нь тас цохин давхар биетэй Отгон бүсгүйн амь насыг хөнөөж, түүнийг нүдий нь сохлон эзгүй цөл газар хаясан ажээ. Гэтэл сүмийн орой дутуу байдаг. Санжаас өөр мэдэх чадах хүн нэг ч үгүй.Эцсийн аргаа хэрэглэн хоёр бичээч явуулж, нутгийн хүмүүс хууч хөөрөх маягаар сүмийн тухай ярьсан хэлсэн үг болгоны нь бичиж авах боловч гүйцээж чадалгүй баригддаг...

Оройгүй сүм бол онцгой содон бүтээл. Шашны хоосон чанар, бодит амьдрал хоёрыг харгалдуулан бичжээ. Маш өвөрмөц сайхан зохиомжтой гүн ухаан-сэтгэлзүйн гайхамшигт туурвил юм. Бурхан шашны зан үйл, утга учир, бурхадын дүр дүрслэл нарийн ширийн зүйлсийг маш дэлгэрэнгүй бараг л нэвтэрхий толийн хэмжээнд бичсэн байдаг.Бурханы шашин хэрхэн гажуудан завхарсан тухай нэн тодорхой үзүүлж байна.
Их хөлгөн судар Жадамбын найман мянган шадыг үг үсэггүй цээжилсэн ч утгы нь мэдэх хүн нэг ч алга гэж Санж бодож буй нь цаанаа гүн гүнзгий учир шалтгаантай.Жагарын орноос Түвд рүү дамжин очихдоо бурханы шашин ихэд гажуудсан байсныг Энэтхэгийн их бандит Адиша хутагт засаж залруулсан боловч тун удалгүй мухар сүсгийн замдаа оржээ.Хожим цастын орны оройн дээд Богд Зонхов шашны шинэчлэл хийж жинхэнэ горимд нь оруулсан боловч он удаан жилийн явцад яг эсрэгээрээ эргэсэн байна.Өнөө ч манайд завхарч гажуудсан тэр л хэвээрээ байсаар байна.


Гэгээрэлд хүрэх арга зам, зөв амьдрах ариун нандин сургаал худал хуурмагт хучигдан танигдахын аргагүй болжээ. Бурханы нэрийг барьсан хэсэг хүмүүсийн амьдрах арга, хэв маяг, бизнес, мухар сүсгийн үүр уурхай болон хувирчээ. Социализмын үед шашингүйн үзлээр бичигдсэн зохиол боловч үнэ цэнэ нь өнөөдөр ч гэсэн хэвээрээ байна.Энэ номыг уншихад манай өнөөгийн бурханы шашны байгаа байдал тэр чигээрээ харагддаг.Сайн зохиолын шалгуур нь цаг хугацаа гэж үнэн юм даа.