2020 оны дөрөвдүгээр сарын өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Сарын эхээр эрчүүдийн хувьд ямар ч ажил барьж авсан амжилттай байхаас гадна өмнө төлөвлөж байсан худалдаа арилжаагаа ч хийж чадна. Ажил хэргийн амжилт, бүтэмж сайтай бүх талаараа таныг ивээнэ. Гэхдээ аз сорьсон ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Та өөрийн хүссэн зүйлдээ хүрэхийг хэдий их эрмэлзэнэ түүнийхээ хэрээр хуримтлалыг бий болгож, үргүй зардлаа багасгаарай. Амьдарч байгаа болон ажиллаж байгаа орчноо өөрчлөхийг хүснэ. Зарим нэг нь тавилга эд хогшлоо зөөж тавих, өөр өнцөг өөр тийш харж суухыг хүсэх бол зарим нь бүр нүүлгэлт хийж шинэ орчин нөхцөлд очихыг эрмэлзэнэ. Шинэ танил, сонирхолтой хүмүүс амьдралд тань орж ирнэ. Та сүм хийдэд очиж, буян үйлдэхийг хүснэ. Сэтгэл санааны байдал бодит байдлаас бус таны сүсэг бишрэл, итгэл үнэмшлээс илүүтэй шалтгаална. Ганц бие хүмүүс эрч хүчтэй, бүгдийг өөрийн хүчээр хийнэ гэж зүтгэх ч санасан шиг нь амархан бүтэхгүй. Хайр дурлалын хувьд тэд үргэлж азгүйдэлд өртөөд байхгүй сэтгэл сэргээсэн сайхан хүмүүстэй учирна. 

Сарын дундуур амьдралд тохиох зарим нэг өөрчлөлтөд бэлэн байгаарай. Ажил тань дуусгавар болж танд нэг ёсны баярт үйл явдал тохиолдоно. Учир нь үүний үр дүнг үзэх гэж та олон сар хүлээсэн. Үүнийгээ дагаад ашиг орлого орж ирнэ гэдгийг та мэдэж байгаа. Сарын сүүлээр мэргэжлээ дээшлүүлэх, дахин суралцах боломж танд гарч ирэх тул боломжийг алдаж болохгүй. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол таны хичээл зүтгэл, чин сэтгэлийн үр дүн ирээдүйд таныг нэр хүндтэй байлгаж бусдын хүндлэл хүртэх үндэс суурийг тавих болно. Бүхий л зүйлийг хийж гүйцэтгэхэд таны бүтээлч сэтгэлгээ, онгод хийморь, хэрсүү ухааны хослол маш ихээр нөлөөлнө. Аав ээжийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийхийг эрмэлзэнэ. Таны хүсэл удахгүй биеллээ олно.


Үхэр

Сарын эхээр та өөртөө болон гэр бүлдээ шинэ хэв маяг, өөрчлөлтийг бий болгох төлөвлөгөөгөө амжилттай гаргаж чадна. Санхүүгийн хувьд ч тэр аль болох хэмнэлтийн сар болгох санал санаачлагаа ажил хэрэг болгоно. Гэвч зарим нэг хүмүүсийн хувьд мөнгө төгрөгний хувьд үрэлгэн байдал болон зардал өсөх хандлагатай. Санхүүгийн хүндрэлтэй байдал нь ажил алба төдийгүй гэр бүлийн хувьд ч нөлөөлж магадгүй. Таныг сонирхолтой уулзалтууд мөн ганц бие бүсгүйчүүдийг шинэ учрал хүлээж байна. Ажил хэргийн зарим нэг асуудал, уран бүтээлийн хувьд нөлөө бүхий нэгнээс дэмжлэг авна. 

Сарын дундуур зарим нэг завгүй, цаг наргүй ажлын төлөө зүтгэдэг хүмүүсийн хувьд хувийн амьдрал нь онцгой утгатай болж ирнэ. Эрчүүд хийж бүтээж байгаа ажлаасаа маш их эрч хүчийг авч чадна. Тэдний бодож сэтгэх, шинийг эрэлхийлэх чадвар нь урд урьдынхаас илүү хүчтэй байна. Нийгмийн таагүй уур амьсгал, гаднаас ирэх сөрөг хандлагууд нь таны ажил төрлийн хувьд уналттай байдлыг бий болгоно. Үүнээс болж таны хүсэж байсан амжилт, үр дүнг авчрахгүй. Харин сарын сүүлээр гадаад орчин болон нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй зүйлүүдээс болж стрессдэж эрүүл мэндээ муутгаж магадгүй. Энэ нь ахимаг насны хүмүүст илүү хамаатай байна. Хол замд гарахгүй, аялал зугаалга төлөвлөхгүй байсан нь дээр. Танд бол ялихгүй зүйл хэдий ч бусдын хувьд хүндхэн давааг та давж олны өмнө нэр хүндээ өсгөж чадна. Мэргэжлийн хүрээнд, уран бүтээлийн салбарт онцгой амжилт гаргаж чадна. Хайр сэтгэлийн харилцаанд одтой байж шинэ үерхэл, холбоог бий болгож чадна.


Хамтатгах

Сарын эхээр ажил хэрэг болон хувийн амьдралд тань маш том нөлөө болохуйц тааламжтай санал ирнэ. Олдсон боломжийг ашиглаж чадвал амьдрал тань ихээхэн өөрчлөгдөнө. Урлаг уран сайхны ажил хийдэг хүмүүс шинэ бүтээлээ олонд дэлгэж, өндөр үнэлэлт авна. Эрчүүд хайр дурлалаасаа болоод тогтворгүй байж зарим нэг чухал зангаа умартаж байна. Тэд ямар ч бүсгүйтэй амархан дотносож, өөрийн болгож чадна. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Шинэ уулзалт, хурал цуглаан болон зарим нэг таатай боломжуудаар дүүрэн байх болно. Уран бүтээл туурвидаг хувийн бизнестэй хүмүүсийн хувьд ямар ч ажил нь амжилттай бүтэх болно. Та ялихгүй жижиг зүйлээс болж дотнын хүнтэйгээ түнжин хагарахад хүрнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл хурцадмал байдалд хүрч бие биенээ хэт их гомдооход хүрэх тул ямар ч нөхцөл байдалд хүлээцтэй, тайван, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Харин бүсгүйчүүдийн хувьд шинэ соргог бүхнийг эрэлхийлж, олон зүйлийг авах гэсэн шунал нь дээд цэгтээ байна. 

Сарын дундуур амьдралын эрч хүч дунд зэрэг байна. Хувийн амьдралд гарсан аливаа азгүйтэл нь таны сэтгэл санаатай шууд холбоотой. Эрүүл мэндээ сайтар анхаар. Өвдөж болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийн харилцаанд итгэлцэл, тэнцвэрт байдал зонхилно. Ажлын орчиндоо эерэг энергийг бэлэглэнэ. Таны өмнө санаандгүйгээр нэгэн хүн гарч ирнэ. Энэ нь таны ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч, эсвэл амьдралын найз байж магадгүй. Түүний тусламжаас татгалзах хэрэггүй. Харин сарын сүүлээр ажил хэрэгч хүмүүсийн хувьд санхүүгийн асуудлаа нэг тийш шийдвэрлэнэ. Өр зээл, өгөө аваагаа цэгцэлж сая л нэг сэтгэл амар байж чадахаар болно. Зарим нэг туршлагатай хүмүүс, мөн таны хувьд магтаал сайшаал хүртэх болно. Шинээр ямар нэгэн ажил эхлүүлэх гэж яарсны хэрэггүй. Ямар нэгэн эрсдэлтэй ажиллагаанд оролцох, чухал шийдвэрийг ганцаар гаргах хэрэггүй. Өөртөө хэт найдах хэрэггүй.


Мэлхий

Сарын эхээр ганцаараа байж өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох, тунгаан бодохыг илүүд үзнэ. Мөн бясалгал хийж, оюун тархиа хөгжүүлэх боломж гарах юм. Та эрч хүчээр дүүрэн ямар ч ажил барьж авсан амжилттай дуусгаж чадахаар байна. Гэвч юм бүхнийг шүүрч авсны хэрэггүй. Хэн нэгэн танд боломжийн ашиг олж болохуйц санал тавьж магадгүй. Гэвч та хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Хөндлөнгийн хүмүүсийн маргаан, үл ойлголцлыг тоох хэрэггүй. Хэрэв нөхцөл байдал танд ашигтайгаар эргэхээр бол та завшааныг алдаж болохгүй. Ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байгаа бол өөрийн итгэлээ бүү алд. Бүсгүйчүүд зөн совиндоо итгэхийг хүснэ. Сэтгэл санааны байдал тогтвортой, ажил хийх урам зориг өндөртэй байгаа тул аливаа гэрээ хэлэлцээр амжилттай, худалдаа наймааны ажил ч ашиг орлого авчрах болно. Аав ээж тань таныг маш ихэд үнэлж, та тэдний баатар нь юм шиг бодно. Таны хичээл зүтгэл тэднийг гомдоохгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болон томоохон худалдан авалтыг хойшлуул. 

Сарын дундуур ажлын холбоотой зүйлүүд гарын аясаар бүтэж танд урам зоригийг нэмэх болно. Ачаалал ихтэй байх ч та түүртэлгүй ард нь гарч чадна. Хэт сэтгэлийн хөдлөлдөө автахгүй байхыг анхааруулж байна. Анхаарлаа төвлөрүүлж хийж буй зүйлдээ бүхнээ зориулж чадвал амжилт, үр дүн аяндаа ирнэ. Мөн хайр дурлалын харилцаагаа сайнаар авч үлдэхийг хүсч байвал түргэн ааш зангаа гээгээрэй. Хайр дурлалын харилцаа романтик болзоогоор дуусгавар болохгүй. Таны хүсэж хүлээсэн мөрөөдсөн зүйл тань биеллээ олоход тун ойрхон ирсэн байна. 

Сарын сүүлээр ажил хэрэгч хүмүүсийн хувьд ашигтай хэрэгтэй санал хүлээн авч магадгүй учир цаг зуурын багахан бэрхшээлээс болж татгалзсаны хэрэггүй. Ганц бие хүмүүсийн идэвхтэй, уйгагүй байдал нь тэдэнд эерэгээр нөлөөлөх болно. Тэдний хувьд шинээр хүнтэй танилцах таатай боломж үүснэ. Удаан хугацаанд бодож төлөвлөж байсан зүйлээ амжилттай эхэлж, зарим нэг төлөвлөгөөгөө бодож байснаасаа хурдан хугацаанд чанартай гаргаж чадна. Худалдаа наймааны хувьд ашигтай.


Арслан

Сарын эхэнд таны дансанд мөнгө орж ирнэ. Энэ нь таны сүүлд хийсэн наймаатай эсвэл та ямар нэгэн сугалаанд хожиж магадгүй. Та томилолт, аянд явахаар зэхсэн бол өнөөдөр таатай байна. Өөрийн хэтийн төлөв, ажлын төлөвлөгөөгөө тодорхой болгож боловсруулахыг танд зөвлөж байна. Уран бүтээлчдийн хувьд ажлын өрнөл, ажлын амжилт арвинтай байх бөгөөд ашигтай захиалга ч хүлээж авч болзошгүй. Өөрт байгаа бүхий л авьяас билэг, ур чадвар, мэдлэг оюунаа хөгжүүлэхийг туйлаас хүснэ. Ойр дотныхоо хүмүүсийн урмыг хугалахаар зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Бодсон санаснаа ажил хэрэг болгож, зарим нэг шинэ санаа гаргах зэргээр бүтээлчээр ажиллах болно. Сүм хийд орж, мөргөж залбирна. 

Сарын дундуур өмнө нь гаргасан алдаагаа засахад таатай. Ингэж өнгөрсөн гаргасан алдаагаа ухамсарлах нь танд дахин алдах эрх байхгүй шүү гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Хайртай хосуудтай холбоотой асуудлууд уур амьсгалыг таагүй болгоно. Та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхийг хүснэ. Сарын сүүлээр магадгүй хэн нэгэнтэй холбоо харилцаагаа сэргээж, дурсамж түүх хөврүүлж амжина. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус байгаа тул та эмчид хандаарай. Хийж буй ажил тань төлөвлөсөн хугацаандаа амжихгүй болж үүнээс үүдэн санхүүгийн томоохон асуудалд орно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй.


Охин

Сарын эхээр та өөрийнхөө төлөө бус бусдын тусын тулд бүхий л цаг хугацаагаа зориулна. Алдаа эндэгдэл гаргасан, тусламж хүссэн, ганцаардаж шаналсан зэрэг олон хүнд тус дэм болж чадна. Бүсгүйчүүд ямар ч нөхцөлд байлаа гэсэн ертөнцийг өөр өнцгөөс харж чадна. Тэд бүхий л сэтгэл оюунаа цэнэглэж, шинэ өөрийгөө нээхийг хүснэ. Материаллаг байдал өсөн нэмэгдэж магадгүй. Гэхдээ ололт, шинэ санаагаа сэтгэл болоод оюун ухааны тэмүүлэл, зорилгодоо нийцүүлэх хэрэгтэй. Уран бүтээх онгод эрмэлзэл, уламжлалт бус аргаар асуудалд хандах хандлага, зөн билэгтээ найдан ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Таны бодож боловсруулсан шинэ санааг дэмжих, боломж олгох сэтгэл сайтай нэгэнтэй учрах болно. Худалдаа наймаа бизнесийн салбарынханд ашиг орлого муутай, ямар нэгэн зүйл сэдэх гэсний хэрэггүй. Элдэв хоосон санаа, бүтэхгүй зүйлсийн төлөө хүчээ барах хэрэггүй. Эрчүүд биеэ барьж, тэвчээртэй байхгүй бол элдэв асуудалд хутгалдаж мэднэ. Та өөртөө хяналттай байж, үйл хөдлөл үг хэлэндээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. 

Сарын дундуур ганц бие хүмүүсийг сайхан үйл явдал хүлээж байна. Тэд буяны үйлд идэвхтэй оролцож, танилын хүрээгээ ч нэмэгдүүлж чадна. Хайр дурлалтайгаа учрахыг хүлээж байгаа хүмүүсийн хувьд таатай, итгэлтэй байж болно. Бизнес эрхлэгчид хамтрагчийнхаа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг үл тоож болохгүй. Эвгүй үг хэллэгтэй, өдөөн хатгасан хүмүүсээс холхон байхыг анхааруулж байна. Эрүүл мэндийн хувьд нэлээд доогуур, хөнгөн ханиад нь даамжирч хүндэрч болзошгүй тул шаардлагатай арга хэмжээг эртхэн аваарай. 

Нийгмийн бухимдлыг өөртөө гүн гүнзгий тусгаж авах гэсний хэрэггүй. Танд тэртээ тэргүй асуудал мундахгүй их байгаа тул зарим нэг таагүй зүйлээс өөрийгөө чөлөөл. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бүтээл арвинтай, шинэ санаа олонтой таатай байх болно. Хүссэн орлогоо олж чадна. Хувийн амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөнд та бэлэн байгаарай. Таны эргэн тойронд болж буй бүхий л юмс үзэгдлийг эрүүл саруул ухаанаар үнэлж цэгнэхийг зөвлөж байна.


Жинлүүр

Сарын эхэнд дотнын хүнийхээ аманд орж нэлээд их мөнгөөрөө аз сорьсон нь амжилтгүй болж түүний үр дагавар одоо таныг болон гэр бүлийнхнийг зовооно. Таны урд өмнөх бүхий л үйл ажиллагаа идэвх муутай, сонирхол буурч сэтгэл санааны хувьд уналтын байдалд орно. Энэ нь таныг мэдрэлийн цочмог хямралд оруулж депресс үүсч магадгүй. Бүсгүйчүүдийн хувьд өөртөө итгэлтэйгээр ямар ч ажлыг төвөгшөөлгүй хийж чадна. Чухал уулзалт, гэнэтийн үйл явдал таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх таатай байдлыг бий болгоно. Бодож боловсруулсан зорилгодоо хүрэхэд хүртэл мухардалд хүрч болзошгүй тул аливаа эрсдэл, тулгарч болох бүхий л зүйлд бэлтгэлтэй, тооцоотой байхыг анхааруулж байна. Ажил хэрэгтээ хөнгөн хуумгай хандалгүй, эрүүл саруул ухаанаар, олон жилийн дадлага туршлага дээрээ үндэслээрэй. 

Сарын дундуур таны хувьд санхүүгийн зарим асуудлууд гарч ирнэ. Энэ нь ажлын явцад нэлээд саад болохоос гадна хамтрагчтайгаа түнжин муудахад хүргэнэ. Хийсвэр, бүтэх эсэх нь эргэлзээтэй дэмий юмны хойноос хөөцөлдөх хэрэггүй. Хэсэг хугацааны биеийн тавгүй байдал тань олон сайхан хүний зөв сайхан энергиэр нөхөгдөж та ялимгүй өвчнийг умартах болно. 

Бүх зүйл таны бодож төлөвлөснөөр амжилттай бүтэх тул та нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар түргэн шуурхай ашиглахыг зөвлөж байна. Ажлын байр ямар байгаагаас үл шалтгаалан сарын сүүлээр эрсдэл гарч болзошгүй тул хянуур, болгоомжтой байхыг анхааруулж байна. Магадгүй та алдсан цаг хугацаагаа богино хугацаанд амжилттай нөхөж чадах боломж бололцоог олж харна. Бүтээлч байдал болон таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ танил, найз нөхөдтэй болж чадна. Уран бүтээлийн ажил арвин, шинжлэх ухаан мэдлэгийн хүрээгээ ахиулах, гар урлал, эртний соёл уламжлалаа дээдлэн хүндлэх зэргээр сонирхсон зүйлдээ цагаа харамгүй зарцуулна.


Хилэнц

Сарын эхээр арилжаа наймаа хийх, аливаа шинэ уран бүтээл, ажил үйлчилгээ эхлэхэд таатай бус байна. Агаарын даралт, бусад зүйлээс хамаараад бие тавгүйтэх, уцаар хүрэх зэрэг зүйлүүд ажиглагдана. Иймээс эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт ололтоор дүүрэн байна. Амьдралын идэвх муутай мөнгө төгрөг, санхүүгээ дээшлүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Таны гол дутагдал тань түргэн ааш, уур бухимдал болоод байна. Хувийн амьдралын аар саар асуудал таны толгойноос мартагдсан гэлтэй хөнгөн байна. Шинэ ашигтай ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн итгэл найдвар, урам зоригоо бүрэн олж авч байж цаашдын ажлаа зөв зүйтэй төлөвлөж чадна. Зарим бүсгүйчүүдийн хувьд таатай ажил үйлс бүтээхэд хялбар, бодсон санасан зүйл бүхэн тань санаснаар тань амархан бүтнэ. Өмнөх тооцоо, өр зээл, нөхөн төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлууд сөхөгдөнө. 

Сарын дундуур шийдэмгий байдал эсвэл ямар нэгэн төслийг авах гэж хэт улайрах нь өрсөлдөгчийнхөө анхаарлыг илүү татаж, таны эсрэг чиглэхэд хүргэж болзошгүй. Урдаа тавьсан зорилгод хүрэхэд хөнгөн хуумгай хандах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. Таны ухаалаг, хэрсүү зан, цаг үеэ олсон хариуцлагатай байдал тань зарим нэг таагүй нөхцөл байдлаас ангижрахад туслах магадлалтай. Та олон хүнийг удирдан залах авьяасаа шавхах хэрэг гарч мэднэ. Байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож илүүд шунахгүй байхыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах боловч энэ нь ирээдүйтэй харилцаа биш гэдгийг анхааруулж байна.


Нум

Энэ сарын эхэн үед цаг агаарын тэнцвэргүй байдлаас хамаарч бие эрхтэн сулрах, ужиг өвчин сэдрэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Элдэв адал явдал хайж биеэ гаргуунд гаргах хэрэггүй. Ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал гарна. 

Энэ сарын дунд үед хайр сэтгэлийн харилцаанд зөрчилт байдал үүсч, сэтгэл үймрэх бололтой. Төлөвлөгдөөгүй холын аялалд гарч мэдэх тул бэлтгэлтэй бай. Чухал асуудлуудад шийдвэр гаргах гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгө санхүүгийн асуудал тийм ч таатай байхгүй байна. 

Сарын сүүлээр улс төрч хүмүүст албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Цаг улиралдаа тохироогүй хоол хүнснээс болж өвчин тусах магадлалтай гэж од эрхэс зөвлөж байна. Архаг хууч өвчин сэдэрнэ. Эрсдэлтэй, хориотой арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Ажлын ачаалал их байх тул сэтгэл санаагаа тайван байлга.


Матар

Энэ сарын эхээр эрүүл мэндэд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Халдварт өвчин тусч болзошгүй учир хянамгай байгаарай. Ажил хэргийн маргаан байдлыг хүндрүүлж болзошгүй. Ялихгүй нэгэн алдаа дутагдал л таны нөр их хөдөлмөр, төлөвлөгөөг чинь нурааж болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. 

Сарын дунд үед янз бүрийн таагүй мэдээлэл гарах тул сэтгэл зүйгээр бэлэн бай. Юунаас ч айсны хэрэггүй. Хэн нэгний тусламжийг авахаас цааргалах хэрэггүй. Хайр сэтгэлийн асуудлуудаа шийдэж чадсанаар аз жаргалаар дүүрэн байх болно. Санаа сэтгэл сайхан байвал амьдралын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Эрүүл байвал таны замд хөндөлзөх ямар ч асуудлыг хялбар шийдэж, амжилтад хүрнэ. 

Сарын сүүлээр хол аян замд гарах бол цаг агаарын урьдчилсан мэдээг сайн судал. Гэнэтийн уулзалтаас болж төлөвлөгдөөгүй зардал гаргах магадлалтай байгааг од эрхэс сануулж байна. Буруу зуршилтай хамаарал бүхий хүмүүст бүү итгэ. Амьдралын эрч хүч тийм ч өндөр байхгүй бололтой. Танд хар муу санасан хүний сөрөг муу муухай зүйл илрэх магадлалтай байна. Эрүүл мэнддээ онцгой анхаар.


Хумх

Энэ сарын эхээр таныг ирээдүйтэй, таатай өөрчлөлтүүд хүлээж байна. Гэхдээ сонор сэрэмжтэй байхгүй бол хэн нэгэнд мэхлүүлэх магадлалтай. Шинээр ажил хэргийг эхлүүлбэл үр дүн сайнгүй байх тул түр хойшлуулсан нь дээр. Хатуу ёс дэглэмд баригдах, хуурмаг сүсэг бишрэлд автах магадлалтай. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байх нь хувийн амьдралд таагүй зүйлс авчирна. 

Сарын дунд үед хуурмаг, зальжин хүмүүсээс болгоомжилж, холуур тойр. Гэр бүл эсвэл худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Таны хувьд ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа эмзэг болсон юм шиг л санагдах бололтой. Ойр зуурын үл ойлголцолд хэтэрхий их ач холбогдол өгч, тэсвэр тэвчээрээ алдах нь зохисгүй. 

Сарын сүүл рүү эрүүл мэндтэй холбоотой таагүй асуудал үүсч мэднэ. Улирлын болон цаг үеийн нөхцөлөөс хамаарсан өвчин эмгэгээс болгоомжил. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэдрүүлнэ. Мэргэжлийн чиг хандлагаа яаран өөрчлөх нь алдаа байж болзошгүй. Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, сургуульд сурах боломж нээгдэнэ. Хувийн амьдрал тань адал явдал, сонирхолтой зүйлсээр дүүрэн байна.


Загас

Сарын эхээр материаллаг байдал болон өөрийн харилцаагаа сайжруулах гэж оролдох хэрэггүй. Сэтгэл санаа тань тогтворгүй, гутрал, бухимдалд орж болзошгүй тул аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Албан тушаал ахих, магтаал шагнал горилох зэргийг мөрөөдөөд ч хэрэггүй. Төрийн болон хувийн байгууллагаар явж амжуулах гадуур хөөцөлдөх ажилд амжилттай байх болно. Эд хөрөнгөтэй холбоотой асуудалд ямар нэгэн үл ойлголцол, таагүй зүйл тохиолдож болзошгүй. Танд хэн нэгний тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Аз туршсан зүйл, аливаа эрсдэлтэй туршилт хийхээс зайлсхий. 

Сарын дундуур эрчүүдийн хувьд ажил хэргийн тал дээр тун таатай. Тэд ямар нэгэн ашигтай ажлын санал хүлээж авах эсвэл хэн нэгнээс маш ашигтай бизнесийн санаа олж авна. Санхүүгийн байдлаа бүрэн мэдэж, тооцсоны эцэст ямар ч худалдан авалт оройтохгүй. Нэг буруу шийдвэр олон алдааг араасаа дагуулдаг номтой. Та санхүүгийн байдлаа, авьяас чадвараа зориулах илүү ашигтай бизнесийн хүрээллийг олох хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй, ямар нэгэн зүйлд санаа зовиносон, түгшсэн байдалтай байна. Энэ байдал нь хамтрагч болон ажил хэрэгт тань муу нөлөө үзүүлнэ. 

Харин сарын сүүлээр бүхий л санхүү, мөнгөтэй холбоотой ажлууд худалдаа наймааны ажил, хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудад нэн таатай байна. Тооцоо санхүүтэй холбоотой ажилд туйлын болгоомжтой, хянуур хандахыг зөвлөж байна. Ажил хэрэг болон бусад бүхий л харилцаанд эерэгээр хандахыг эрхэмлээрэй.