Гадны зах зээлд чиглэсэн бараа бүтээгдэхүүнээ гаргаж амжилттай явж буй цөөхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг бол О.Оюунцэцэг. Австралид амьдардаг тэрбээр чанарлаг боловч боломжийн үнэтэй өндөр өсгийтийг бүсгүйчүүдэд хүргэхээр шийджээ. Ийнхүү бүсгүйчүүдийн дурладаг могойн арьсан алдарт номин цэнхэр өнгийн өндөр өсгийтүүдийг зах зээлд гаргасан байна. 

Одоо тэрбээр өндөр өсгийтөөс гадна цүнх, түрийвч, гар утасны гэр зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болжээ. Цаашид эрэгтэй гутал болон бусад нэрийн бүтээгдэхүүнээ гаргах гэнэ.

"Oogii брэнд" онлайн захиалганд нэлээн дарагддаг бөгөөд Австрали болон Япон улсад салбартай болсон гээд түүний амжилт үргэлжилдэг. Тус брэндийг үүсгэн байгуулагч, монгол бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон О.Оюунцэцэг бүсгүй тун удахгүй Америкийн Нью Йорк хотноо салбараа нээж тус улсын зах зээл рүү гарахаар төлөвлөж байгаа аж.