Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  чуулганы өчигдрийн хуралдаан дээр үг хэлсэн юм. Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэхийн өмнөхөн хэлсэн үг нь олны анхааралд байсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүний үгнээс онцлох ишлэлүүдийг нь тоймлон хүргэе. 

*Монгол улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ. 

  • Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. 
  • Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ та бүхэнд хэлье. 
  • Хэн байхаас нь үл хамаараад Монгол Улсын Ерөнхий сайдыг, Монгол Улсын Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой.
  • Төр засаг, бодлого тогтвортой байвал баялаг бүтээгчид маань эдийн засгийн өсөлтийг илүү өндөр хувьд хүргэх баттай суурь, эхлэл тавигдсан.
  • Өнөөдөр бид төсвийн давсан орлогоосоо хүүхдийн мөнгийг ахин бүх хүүхдэд олгож эхлээд байна. 
  • Манай Засгийн газар 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв хүлээж авсан. Төсвийн алдагдал өнөөдөр 590 орчим тэрбум төгрөгт болж, 3 дахин буурлаа. 
  • АН-ын хоёр Засгийн газар мөнгөтэйн зовлонг үзэж туйлсан бол, манай танхим мөнгөгүйн зовлондоо баригдан тэвчиж болох газар нь тэвчиж,боломжит бүх нөхцөлийг шавхан ажилласны хүчинд улсын эдийн засаг өндийж эхэлсэн.
  • Эдийн засагт гарсан эдгээр эерэг үр дүн болгон дан ганц Засгийн газрын гавьяа биш ээ. Энэ бол төр засаг тогтвортой байж, УИХ, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд 
  • Улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд бас хүлцэл өчье.
  • Төрийн ажлыг Төрийн ордондоо, намын асуудлыг намын байрандаа ярих ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг учраас энэ тухай нам дээрээ дэлгэрэнгүйярих бололцоо гарна гэдэгт итгэж байна.
  • -2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалсан сонгуулийн нэгэн цикль дуусч, ард түмэн сонголтоо хийлээ. Одоо бидэнд сонгуульдаж улстөржихгүй, намаараа талцахгүйгээр зөвхөн ажил хийх бодитой хоёр жилийн л хугацаа үлдлээ.
  • Иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэхээр бид цалин, тэтгэврийг мөнгөн дүнгээр нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Харин манай Засгийн газар хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. 
  • Намайг сайд нартаа концесс хувааж өгсөн гэж буруутгасан 7 концессийн 5 нь өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан, гэрээгээ байгуулсан,ажил нь эхэлсэн төслүүд байсан юм. 
  • Концесс эзэмшигчийг хууль бус шалтгаанаар сольсон, Улсын төсвөөс нэг төгрөгийн нөхөн төлбөр хийсэн байвал бид хариуцлага хүлээж, сайн дураараа огцроход бэлэн байна.
  • Бид энд өөрийгөө хамгаалж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Зөвхөн үнэний талд л яваа. Үнэн ялж, шударга бус ньхариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр сууринаас л асуудалд хандаж байгаа.
  • Шадар сайдаа тагнаж чагнасан гэх хэргийг Ерөнхий сайд намайг захиалсан гэдэг бол миний ой тойнд багтахгүй гүтгэлэг. Гүтгэлэг тойрсон энэ үйл явдалд би эхнээс нь тэвчээртэй, хүлээцтэй хандсаар ирсэн. 
  • Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гэж хоёр хувь хүн биш, шалгаж тогтоох үүрэгтэй хуулийн байгууллага шийднэ, үнэлэлт дүгнэлтээ гаргах байх аа.
  • Миний баримталдаг зарчим, амьдралын философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүүтэй эр улсын нөхөрлөлийг илүүд үздэг.
  • -60 тэрбумын тухайд энэ талаар надад хэвлэлээр яваад байгаа бичлэгээс өөр мэдээлэл байхгүй ээ. 
  • 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монголын ард түмний ялалт болохоос МАН-ын, ялангуяа энэ танхимд сууж байгаа 76 хүний ялалт бишээ гэдгийг би энд зориуд хэлмээр байна. 
  • Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар наанаа сайхан ярьж байгаа хүмүүс цаанаа юу сэдэж явдаг, маргааш юу болдгийгард түмэн маш сайн мэднэ. 
  • Явцуу эрх мэдлээр явуургүй улстөр хийж улсаа хохироодог богино зайн улстөрд цэг хатгах болсон байна.
  • Засгийн газрыг огцруулах нь Монгол Улсад ашиггүй л юм бол МАН-д ч, АН-д ч ашиггүй л байх ёстой. Бид өнөөдрийн улстөрийн ашиггүй байдал үүсгэх тухай биш, тогтвортой хөгжлийн бодлого ярьж суух учиртай.
  • Улс төрийн тогтвортой байдлаа хадгалаад сэргэж эхэлж байгаа эдийн засгаа тогворжуулах. Эсвэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгаа эргээд царцаах.
  • Өнөөдөр бид 65-уулаа буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай.