ТЕХРАН. /IRNA/. Ираны нийслэл Техран хотод онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн хэмжээ хараахан тодорхойгүй байна. Хэдий хэмжээний нөхөн төлбөр олгох нь Украин, Ираны талуудын тохиролцооноос хамаарах аж.  

Украины онгоцны осол ердийн тохиолдол биш учраас нөхөн төлбөрийн хэмжээ Иран, Украины хэлэлцээнээс хамаарна” гэж Ираны Иргэний нисэхийн байгууллагын ослын шалтгааныг мөрдөн шалгах газрын дарга Хасан Резайефар мэдэгджээ.  

Түүний хэлснээр, “уг онгоцыг Украины нэгэн компанид даатгуулсан байжээ”. “Тиймээс орон нутгийн барилга байгууламж, ногоон байгууламжид учирсан хохирлыг Украины даатгалын компани нөхөн төлнө” гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын 8-нд “Ukraine International Airlines” компанийн “Boeing 737” загварын нисэх онгоц Техран хотын нисэх буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа осолдсон юм. Украины Гадаад хэргийн сайд Вадам Пристайкогийн мэдээлснээр, ослын улмаас 176 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүс Афганистан, Герман, Иран, Канад болон Украины, мөн Их Британи, Шведийн иргэд байжээ.

Украины онгоцыг андуурч сөнөөснөө Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штаб бямба гарагт хүлээн зөвшөөрсөн юм. Лалын хувьсгалыг хамгаалах корпусын Агаар-сансрын хүчний командлагч, бригадын генерал Амир Али Хажизадегийн мэдэгдсэнээр, Ираны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем “Boeing 737” онгоцыг далавчит пуужинтай андуурч сөнөөсөн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг