Габо өвөөгийн хүүрнэлүүд амтат дарс шимэн уухад дотроос халуу төөнөн, ахин дахин балган шимэх хүсэл төрүүлдэгийн адил шунан татагдсаар дуусдаг шид увдистай юм. Аллага болсон тэр нөхцөл байдлыг хорин жилийн дараа эргэн мөшгиж, хүмүүсийн дурсамжийн хэлтэрхий, ой санамжийн цуглуулгийг нэгжин, тарж бутарсан дуртадгалаа сэргээн үйл явдлын цор ганц үнэн мөнийг олохыг хүссэн хүүрнэгчийн яриа эгээ л аллага болсшүсон газраар дагуулан явж байгаа мэт зүрх дэлсүүлнэ. Олонд зарлагдсан ил цагаан аллага, гэмтнүүд тов тодорхой, олон хүний үзэж харсан тэр үйл явдлын нөхцөл байдлыг дахин мөшгин судлах ямар шалтаг шалтгаан байв гэж гайхан эргэцүүлэх төдийгүй уншигч өөрөө тэр үед цуг очиж учир начирыг олох болчихоод байгаа юм.

Карибийн тэнгисийн эрэгт орших тосгонд болсон нэр төрөө хамгаалсан "ариун аллага" орчин цагийн хууль ёсыг баримталдаг хүмүүн бидний сэрэл мэдрэхүйд ямар цочрол өгөх бол? Хууль ёс, нутгийн уламжлалт заншил, нэр хүндээ эрхэмлэх хүний мөн чанарын зөрчил дундаас үүссэн хэргийн үйл явдал, халуун мөрөөр дахин орох нь сонирхолтой төдийгүй хүний зан араншингийн олон талт нууцдлагдмал байдлыг нээн илрүүлэх сэтгэлзүйн анализ шинжилгээ гойд сонин байна. Уншигчийг үйл явдлын гүнд хөтлөн оруулж өөрөө сэм сугаран араас тандан яваа мэт хачин сэдэл төрүүлдэг постмодерний "Загалмайлсан эцэг" Борхесийн бичлэгийн хэв маяг мэдрэгдэж, айх гайхах мэдрэмж хослон байгаа ч эргүүлгээс хэрхэн гарах тухай биш энэ бүхний учир начрыг олж тайлах ёстойгоо ухаарч бүхий л эд эсээ шатаан сэтгэл дотроо шаналах нь гайхалтай.

Сантьяаго Насарыг ална гэж андгайлсан ах дүү хоёр ихрийн ил цагаан мэдэгдэл хүн бүхний сонорт хүрсэн ч хэдхэн хүнээс бусад нь хориглон сэрэмжлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь эгдүүцэл төрүүлнэ. Тосгонд гэнэт ирсэн далд нууцлаг Байрадо Сан Роман гэх залуу бүгдийг бишрүүлэх өөртөө татах ховстой, хүссэн бүхнээ өөрийн болгох, өмнөө сөгдүүлэх чадалтай нэгэн. Тосгоны Анхелиа Викарио бүсгүйтэй хайр сэтгэл энэ тэр гэлгүй шууд гэрлэхээр болсон нь түүний тайлагдашгүй омог бардам авирын нэг юм. Бүсгүйд сахиусан тэнгэр ч атаархам сүйт хархүүгээс татгалзах шалтгаан байгаа болов уу? Хүний төрөлх далд нууц зан авир, сэтгэлзүйн тогтворгүй хоёр талт араншин энэ нөхцөлд яаж илрэн гарч байгааг Габо тун гярхай мэдэрч, ёгхийтэл дүрслэн үзүүлж байна. Хуримын шөнө онгон биш бүсгүйд хархүүг хуурах боломж байсан ч тэгсэнгүй. "Худал хуурмагаар өөрийгөө халхалснаас үнэнээр нь өчөөд өр лүүлгээ өшиглүүлсэн нь дээр" гэж үзжээ. Нэр төрөө худал хуурмагаар сэвтээхгүй, өөртөө үнэнч байх зан чанар уу?

Насар онгон бүсгүйг эзэмдээгүй юм бол хэргийн жинхэнэ эзэн дурлалт залуугаа бүсгүй хаацайлав уу, санамсаргүй тохиолдол уу, онгон бие нь эвдэгдсэн гэх хуурамч шалтгаар залуутай суухаас татгалзав уу, Насар хүний өмнөөс золиос болов уу, бүсгүй үнэхээр онгон байв уу гэх мэт үй олон эргэлзээнүүд нууцын цаана нууц нуугдсаар байна.

Харин ямар ч хамаагүй Араб цуст Сантьяаго Насарыг яагаад охин биеий нь хөндсөн залуу гэж зарлах болов? Насар гэм буруугүй мөртлөө энэ бүхний золиос болохдоо ямар "нэр төр"-ийг эрхэмлэсэн нь нууц хэвээр үлдэв. Ихэр ах дүү хоёрт нэр төрөө цагаатгаж хүн алж чадна гэдгээ харуулах чухал болохоос хүн алах ямар ч хүсэл байсангүй. Хүмүүс хориглон зогсооно, гэм буруутай этгээд өршөөл гуйх юм уу, аль нэг тийшээ зугтана гэж бодсон учраас тосгон даяар зарласан болж таарлаа. Хоржоонтой ч тосгоныхон энэ аллага болоосой гэж хүссэн мэт, цус үзэхийг харах, нэр төрөө сэргээж чадах эсэхийг сорих гэсэн мэт ер нь л цаагуураа тохироо нь бүрдэж бурхан зөвшөөрсөн мэт аллага болжээ. Үүнд гайхан цочихгүй хэн байх билээ. Хүний сэтгэл доторх тэчьяадал, улангаслыг үүнээс илүү яаж харуулах билээ. Айсуй үхлийн чимээг ариун сүнснүүд шивнэж байсан ч тийм юм заавал болох ёстой мэт бүх зүйл хориггүй өрнөжээ.

Хүн болгон далд ухамсартаа сэтгэлзүйн аллага үйлдэгч, түүнийгээ зөвтгөх шалтгаан олж чаддаг гэдгийг Габо өвөө илчилж орхилоо. Хүн алахаар явж буй ихэр залууд" Чи хэлсэн үгэндээ хүрэх юм бол би чиний эхнэр болно" гэж амлаж буй халуун цуст бүсгүйг хэрхэн буруутгахаа би мэдэхгүй байна. Анхелиа бүсгүй төрхөмдөө буцаж ээждээ хайр найргүй зодуулсан тэр мөчөөс үзэн яддаг сүйт залуудаа ухаангүй хайртай болохоо мэдэрч хорин жилийн турш шаналж явах юм гэж хэн санах билээ. Хүний сэтгэлзүйн хоёр үзүүрт араншинг үүнээс илүү мэдрүүлэх, хурц тод үзүүлэх боломж байна уу?

Зохиолын турш Насарын цус үнэртэх шиг боллоо гэж хүүрнэгч өгүүлсэн бол надад хуял тачаалын хурц эхүүн үнэр ханхлах шиг санагдсан юм. Габо өвөө надад юу ч тайлбарлаагүй боловч би бүх зүйлийг сэтгэлээрээ мэдэрч, гэрчүүдтэй уулзан ярилцаж учир шалтгааныг хайлаа. Цөхөрч ядарсанаа мэдэрсэн ч дарс дотроос халуу оргиулах мэт таалажтай мэдрэмжинд автсан юм. Жинхэнэ уран зохиол гэж энэ шүү дээ!

Аллага бол аллага. Хууль ингэж үзнэ. Гэвч аллагын цаана ямар мөн чанар нуугдаж байгааг илрүүлж , тэр нь цагаатгах боломж өгч болохгүй юу гэсэн ээдрээт асуулт тавьж ацан шалаанд оруулсан Достоевскийн "Гэмт хэрэг ба ял шийтгэл"- ийн ёс суртахуун моралийг хөндсөн хэлэлцүүлэг Габогийн "Зарлагдсан үхлийн товчоон"-оор дахин үргэлжилж байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн юм. Габо өвөө намайг гайхшруулна гэдэгт би анхнаасаа эргэлзээгүй билээ.

Испани хэлнээс уран яруу хөрвүүлсэн орчуулагч Б.Нямдорж, дэлхийн утга зохиолын содон бүтээлүүдийг уншигчдын оюуны мэлмийд толилуулж буй Монсудар-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.