Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай иргэн бүрт нэг сая 242 мянга 720 төгрөг олгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж, албан шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тус шаардлагад:

"Covid-19 халдварын улмаас цар тахал дэгдэн, дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл үүсээд байна. Манай улсад энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн хөл хориог тавдугаар сар хүртэл сунгасан. Хөл хориог уртасгахын хэрээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж, үйлдвэр үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодит аюултай нүүр тулж байна. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унаж, дампуурна. 

Онцгой байдал үүссэн энэ үед Засгийн газар онцгой байдлаар асуудалд хандаж, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодитой, зорилготой бодлого танилцуулсангүй.

Иймд эдийн засгийг сэргээх, тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасан "Төр нь үндэсний эдийн засгийн аюлгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна". Мөн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд мөнгөний тусламж авах баталгаатай эрх эдлэхийг хангах нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн үүрэг байна" гэж заасныг үндэслэн Монгол Улсын иргэн бүрт нэг сая 242 мянга 720 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан Хаврын чуулганаар шийдэж, эдийн засгийг тэтгэх алхамыг эхлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас албан ёсоор шаардаж байна" гэжээ.


Тэрээр энэ талаараа "МҮХАҮТ-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноор коронавирусийн улмаас Монгол Улсад 260.000 орчим хүн ажилгүй болох судалгаа гарсан байна. Үүнд бодит дүгнэлт хийж иргэдэд бэлэн мөнгө тараах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна" гэдгийг онцолж хэллээ.