“Исламын улс” бүлэглэл Сири, Иракийн газар нутагт тогтоогоод байсан хяналтынхаа дийлэнх хэсгийг алдаж үйл ажиллагааных нь цар хүрээ хумигдаж байгаа ч бүрмөсөн алга болоогүй. Хэдийгээр газар нутгаа алдсан ч “Исламын улс” бүлэглэлээс эрхлэн гаргаж байсан “Аль-Наба” сэтгүүлд дурдсанчлан олон жижиг зэвсэгт бүлэглэлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бий болжээ. Иракт болж буй хүчирхийллийг зэвсэгт мөргөлдөөн хэмээн тодорхойлохгүй байгаа ч үйлдэгдэж буй террорист халдлагын тоо цөөрсөн, энгийн иргэд бус нийгмийн тодорхой бүлэг хүмүүс рүү дайрах болсон өөрчлөлт ажиглагдаж байна. “Исламын улс” бүлэглэлийн халдлага дайралт хууль хүчнийхэн болон тосгоны тэргүүн, овгийн удирдагч зэрэг нөлөө бүхий буюу өөрсдийнх нь байр суурийг үгүй хийх чадалтай, эрх мэдэл бүхий хүмүүс рүү чиглэх болсон.

Мөн тус бүлэглэл сүүлийн үеийн дэвшилтэт технологи, олон нийтийн сүлжээ болон шифрлэгдсэн мессежийн аппликэйшн ашиглаж үзэл суртлаа үргэлжлүүлэн түгээж, онлайн бүлэглэл байгуулсаар байна. 

Тус онлайн бүлэглэлээр дамжуулан шинэ дайчдыг элсүүлж халдлага үйлдэх “цөөвөр чоно”, жижиг бүлэг бий болгоход түлхэц болж, жихад хөдөлгөөний салшгүй хэсэг болох замыг тавьж байна. Тиймээс өөрсдийн хяналтад байсан газар нутгаа алдсанаар бодит Халифатыг байгуулах боломж нь ойрын хугацаанд бүрдэхгүй ч интернет, цахим сүлжээг ашиглаж үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулсаар байх төлөвтэй байна.

Түүнчлэн терроризмын сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шинжээчид, бодлого тодорхойлогчдын дунд нутагтаа эргэн ирж буй террористуудын зүгээс гаргаж болзошгүй аюул занал нь асуудал үүсгэж буй тухай, эдгээр эргэн ирж буй террористууд нь үйл ажиллагаагаа саармагжуулсан террористуудыг дахин идэвхжүүлэх, гэмт хэргийн өдөөгч болох эрсдэлтэй тухай яригдаж байна. Сири, Иракт байсан гадны террорист этгээдүүдийн 10-30 хувь, “Исламын улс” бүлэглэлд элссэн гадны террорист этгээдүүдийн 50 хувь нь нутаг руугаа буцаж байна хэмээн зарим шинжээч үзэж байна. Нутагтаа эргэн очиж буй террористуудаас гаргаж болзошгүй аюул занал улс орон болгонд өөр байх бөгөөд судлаач, бодлого тодорхойлогчдын дунд энэ талаар эсрэг тэсрэг үзэл бодол ажиглагдаж байна. Зарим нь нутагтаа эргэн ирж буй гадаадын террорист этгээдээс үүсэх аюул заналыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт дэвэргэж байна гэж дүгнэж байгаа бол зарим нь уг этгээдүүд “дэлбэрэхэд бэлэн бөмбөг” хэмээн үзэж байна.

НҮБ 2014 онд Аюулгүйн зөвлөлийн 2178 дугаар тогтоолоор дээрх хүмүүсийг Гадаадын террорист этгээд хэмээх нэршлээр түгээмэл ойлгож байгаа бөгөөд НҮБ-аас “Эргэн ирж буй гадаадын террорист этгээд болон тэднийг нутагшуулах сорилт” сэдэвт судалгааны тайлан гаргаад байгаа бол улс орнууд мөн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Онцлох мэдээлэл

НҮБ

Энэ оны 6 сарын 28-29-ний өдрүүдэд “Хувьсаж буй терроризмын аюул заналтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэв дор НҮБ-ын ЕНБД-ын санаачилгаар анх удаа гишүүн орнуудын терроризмтой тэмцэх байгууллагын тэргүүнүүдийн хурал болж, хуралд гишүүн 179 орны хууль сахиулах болон аюулгүй байдлын албаны төлөөлөгчид, олон улс, бүс нутгийн 30 байгууллага, иргэний нийгмийн 61 байгууллага, НҮБ-ын 30 нэгж байгууллага оролцжээ.

ЕХ

“ЕХ дахь терроризмын нөхцөл байдал ба хандлага” тайланг энэ оны 6 сард гаргасан ба түүнд 2017 онд үйлдэгдсэн террорист халдлагын голлох чиг хандлагыг тодорхойлжээ. Сүүлийн үед үйлдэгдсэн террорист халдлагуудад дүн шинжилгээ хийхэд олон нийтийн сэтгэл хөдлөлийг илүү өдөөх зорилгоор ямар нэгэн объект гэхээс илүүтэй хүмүүс рүү довтолсон халдлага, эрх мэдэл, засаг захиргааны бэлэг тэмдэг болох хууль, хүчний байгууллагын ажилтан, барууны амьдралын хэв маяг руу халдлага хийдэг байдал тогтоод байна. Мөн халдлагын тоо нэмэгдсэн ч бэлтгэл ажил болон гүйцэтгэл нь боловсронгуй биш байгааг онцолсон байна. Харин террорист бүлэглэлүүд цахим орчноор үзэл суртлаа түгээх, олон нийтийн сүлжээгээр холбоо тогтоож, шинээр гишүүн элсүүлэх, санхүүжилт босгох зэргийг тууштай үргэлжлүүлэн хийж байна хэмээн тус тайланд бичжээ.

Франц

Парист энэ оны 4 сарын 25-26-ны өдрүүдэд “Исламын улс” болон “Аль-Каида” зэвсэгт бүлэглэлийн санхүүжилтийн эсрэг олон улсын хурал зохион байгуулагдав. Францад сүүлийн 2 жилийн дотор “Исламын улс” бүлэглэлд жижиг хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэн 416 хандивлагчийг илрүүлж тогтоосон талаар Парис хотын Ерөнхий прокурор Ф.Молан мэдэгдсэн байна. Тэрээр “эдгээр санхүүжүүлэлт нь мөнгөн дүнгийн хувьд бага ч тооны хувьд их байгаа нь анхаарал татахуйц бөгөөд 2015 оны 1 сард үйлдэгдсэн халдлагыг зохион байгуулахад алан хядагч нар 25,000 евро, 11 сарын 13-ны халдлагыг зохион байгуулахад 80,000 евро зарцуулсан” гэжээ.

2018, 2019 онд 40 гаруй радикалчлагдсан хоригдол ялаа эдэлж дуусаад суллагдах гэж байгаа талаар Францын прокурорын газраас мэдээлсэн бөгөөд суллагдаж буй хүмүүст хяналт тавихад шоронгийн захиргаа, аюулгүй байдлын албад болон орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа чухал гэдгийг Парис хотын Ерөнхий прокурор мөн онцолсон байна.

Их Британи

Тус улсын Дотоод хэргийн яамнаас терроризмтой тэмцэх Засгийн газрын шинэ стратегийг энэ оны 6 сарын 4-нд танилцуулсан байна. Энэ стратегид терроризмтой тэмцэх шинэ арга барилыг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд хууль, хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өндөр түвшинд хүргэхээр тусгасан тухай Дотоод хэргийн сайд С.Жавид мэдэгджээ. Тус улсын Засгийн газраас хувийн хэвшлийн байгууллагуудтай илүү ойр ажиллах болсноо мэдэгдэж, террорист этгээдүүд дэвшилтэт технологи, интернет ашигладаг учир Засгийн газраас уг салбарт анхаарлаа хандуулж терроризмтой тэмцэх арга хэмжээнд квантын тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг сүүлийн үеийн технологийг ашиглаж үйл ажиллагааны чадавхийг сайжруулах болно гэжээ. 

Швед

Тус улс “Хямрал ба дайн нүүрлэсэн тохиолдолд” нэртэй 20 хуудас бүхий гарын авлагыг энэ оны 5 сард гаргаж олон нийтэд хүргэсэн байна. Тус гарын авлагад хуурамч мэдээлэл, хүнсний гачигдал, цаг уурын өөрчлөлт, кибер болон террорист халдлага болсон тохиолдолд авах арга хэмжээний талаар иргэдэд зориулсан заавар, зөвлөмжийг тусгажээ. Мөн гэрийн нөхцөлд урьдчилан бэлдсэн байх хоол хүнс, ус, дулаан, харилцаа холбооны хэрэгслүүдийн жагсаалтыг ч багтаасан байна.


Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар