Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцсон зочид, төлөөлөгчид өчигдөр Төв аймгийн Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа нар угтан авсан юм.

МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа хэлсэн үгэндээ энэ онд 13 мэргэжлээр 350 гаран хүүхэд суралцаж байна. Төр засгаас тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудалд анхааран МСҮТ-ийг дэмжин ажиллаж байна. 

Тухайлбал, МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад  2019 оноос сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог болсон. Энэ нь суралцагч оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэднийг бодитоор дэмжиж байгаа томоохон шийдэл болсон гэдгийг онцолж байлаа. Мөн Зуунмод МСҮТ гадны төсөл хөтөлбөрүүдтэй хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаас гадна багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх тухайд анхааран ажиллаж байгаагаа төлөөлөгчдөд сонирхуулж  байлаа.

Төлөөлөгчид МСҮТ-ийн дадлагын байруудад очиж, оюутнуудын дадлага хичээлийн явцыг сонирхсон юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чухал үзүүлэлт бол мэргэжилтэй боловсон хүчин билээ. Хүн бүрийг ядуурлаас ангид байлгахын тулд ажилтай, боловсролтой байлгах нь төр засгийн бодлогоос хамаардаг. Энэ чиглэлээр Монгол төрийн бодлого газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг харлаа. Газар дээр нь ирж биечлэн танилцахад маш их ирээдүй харагдаж байна хэмээн Шинэ Зеланд улсын төлөөлөгч Дэвид картер ярьж байлаа.

Улсын хэмжээнд 83 Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвүүд байдаг. Үүний 4 нь Төв аймагт байдаг байна. Сүүлийн жилүүдэд МСҮТ-үүдэд суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгааг сургуулийн багш нар хэлж байна. Судалгаагаар МСҮТ-ийг төгссөн төгсөгчдийн 70 гаруй хувь ажлын байртай байдаг гэсэн мэдээлэл байна. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд МСҮТ-ийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр Олон Улсын Парламентын холбооны гишүүд санал нэгдэж байсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.