КАНБЕРРА. /BBC/. Австралид автомашинаар 20 имжийг дайрч хөнөөсөн хэрэгт холбогдуулан 19 настай эрэгтэйг баривчилсан талаар тус улсын цагдаагийн газрын төлөөлөгчид мэдээлжээ. 

Үхсэн имжүүдийг өнгөрсөн ням гарагт Сидней хотоос өмнөд зүгт орших нэгэн тосгоны гудамжнаас олсон бөгөөд тэдгээрийн дунд хэд хэдэн сэмжин /имжийн зулзага/ байжээ. 

Цагдаагийн ажилтнуудын таамаглаж буйгаар, уг хэрэг бямба гарагийн шөнө болсон аж. Уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж буй өсвөр насны хүүг мягмар гарагийн орой баривчилсан бөгөөд түүнийг амьтдыг харгисласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгасан байна. 

Шинэ Өмнөд Уэльсийн хууль тогтоомжийн дагуу амьтан харгисласан хэрэгт холбогдсон этгээдэд 5 хүртэлх жилийн хорих ял болон 15 мянган ам.долларын торгууль ногдуулдаг аж. Австралийн Зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын мэргэжилнүүд дээрх хэргийг харамсалтай явдал хэмээн тэмдэглэжээ. 

"Эх имжүүдийн уутнаас аварсан гурван сэмжинг асарч байна" гэж Зэрлэг ан амьтдыг хамгаалах газраас мэдээлжээ. Уг газарт 2017-2018 онд амьтдыг харгисласан талаарх 57 мянга гаруй гомдол ирсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг