Сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлуудаас анхаарал татсан хоёр асуудлын талаар ХҮН-аас тодруулав. ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр болон Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Д.Үүрцайх нар хариулт өглөө.


П.Наранбаяр: Сэлбэ голын эрэг дагуу төмөр замын бетоныг сэтэлж, барилгын шугам татаж байсныг зогсоолгосон

- Сэлбэ гол дээр болсон үйл явдлын учир шалтгааныг тайлбарлаж өгөөч. Зүгээр л нэг барилгын компани үйл ажилагаагаа явуулж байсан шүү дээ гэх иргэд ч байна?

- “Эко констракшн”-тай холбоотой, захирал нь ч гэгддэг иргэн н.Нямдаваа энэ сарын 19-нд 16 давхар барилгын цэвэр усны шугам татах ажлыг Сэлбэ голын эрэг дагуу эхлүүлсэн байна. Энэ талаар ХҮН-ын Баянзүрх дүүргийн төлөөлөгч н.Отгонбаяр тухайн өдөрт нь МХЕГ, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагуудад гомдол гаргаж, ажлыг түр зогсоолгосон. Гэтэл энэ сарын 23-нд гол дагуух ажлаа үргэлжлүүлсэн. Сэлбэ голын эрэг дээр, зарим хэсэгт гол руу нь 3 эксковатр оруулаад шууд ухаж эхэлжээ.

Тус газар нь Нарны замын жижиг гүүрийн дэргэд бөгөөд голын урд талд нь Улаанбаатар төмөр замын гол төмөр зам явдаг. Улмаар төмөр замын хүнд даацын гүүрэн доорх бетонон цутгалтыг сэтэлж, 16 давхар барилга руугаа цэвэр усны шугам татаж байсан байна.

Энэ сарын 23-нд бид газар дээр нь очиж, уг ажлыг зогсоохыг шаардаж, шууд бичлэг хийж, асуудлыг ярьсан. Үүний үр дүнд 3 дугаар сарын 24-нд ажил зогсож, эксковатруудыг гаргасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нөхөн сэргээх ажил хийж байна.

Мэргэжилтнүүд очиж ажиллаад тухайн компани хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Тухайлбал, Геодези, усны барилга байгууламжийн газраас зөвшөөрөл авах ёстой байсныг аваагүй байна. Үер болдог учир голын эрэг газрыг хамгаалалтад авдаг. Гэтэл энэ хамгаалалтыг зөрчиж, голын эргээр инженерийн шугам, сүлжээ татаж буй нь хууль зөрчсөн үйлдэл.

Одоо Улаанбаатар төмөр зам хохирлоо нөхөн төлүүлэх асуудлыг ярьж буй юм билээ. Яагаад гэхээр төмөр замын доогуурх төмөр замын доогуурх бетоныг нь хөндийрүүлээд ухчихсан. Эвдэж, сүйтгэсэн хэсгээ засаж, нөхөн сэргээхгүй бол  дээгүүр нь олон удаа галт тэрэг явахад чичиргээнд нь цууралт үүсэж, нэг өдөр гүүр нурах аюултай. Улмаар нэг компанийн буруутай үйлдлээс Улаанбаатар хот руу нүүрс зөөдөг, ачаа тээврийн гол магестрал байхгүй болно гэсэн үг. 

Барилгын тухай хуулийн 11.1-т заасан компани нь хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, хүний эд хөрөнгө, амь нас, амьтан ургамалд аюул учруулахгүй байх ёстой гэснийг зөрчихөж буй юм.

Хууль бус уг асуудалд төрийн байгууллагууд 3 дугаар сарын 23-наас шуурхайлан орж, богино хугацаанд таслан зогсоож чадлаа.


16 давхар барилга барьж буй уг газрыг Сүхбаатар дүүргээс Хан-Уул руу шилжүүлж, бусдад эзэмшүүлжээ

Тухайн компани шугам сүлжээ татахын тулд Улаанбаатар төмөр зам, нийслэлийн геодези усны барилга байгууламжийн газар, УСУГ, Хот байгуулалтын хөгжлийн газар, МХЕГ зэрэг холбогдох 7 байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Гэвч олонхоос нь зөвшөөрөл аваагүй байна. Эндээс дээрх төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байгаа нь харагдаж байна. Үүнийг нь зарим компани хууль бусаар ашигладаг, эцэст нь нийслэлийн иргэд хохирч, байгаль сүйдэж байна. Одоо тэнд усны шувуу ирэх ямар ч боломжгүй болсон.

Сэтэлсэн газраар нь одоо ус мэлийтэл урсаж байна. Тус хэсгийн бетоныг яаж хатааж, суурилуулах юм бүү мэд. Нөхцөл байдал хүнд байна. Бетоныг сэтэлсэн, дээрээс нь уржигдар газар хөдөлсөн зэрэг нь илүү аюулыг үүсгэж байна.

НИТХ-ын Төлөөлөгчийн хувиар Гантулга бид 2 энэ асуудлыг өнөөдөр НИТХ-ын хуралдаанд хөндөж ярьсан. Асуудлыг ойлгож, нийслэлийн Засаг даргын хэмжээнд анхаарах ёстой гэдгийг НИТХ-ын дарга онцолсон.

Сэлбэ голын эрэг дээр 16 давхар барилга барьж буй энэ газрыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны харъяа байхад нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд шилжүүлжээ. 

Улмаар 2018 оны нийслэлийн Засаг даргын А11/76 дугаар захирамжаар бусдад олгосон байна. Уг захирамжийг олон нийтэд ил тод зарлаагүй гэх зэрэг асуудлууд ч байна.

Хамгийн гол нь коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон энэ үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Ийм хууль бус асуудлыг эрх баригчид төрийн байгууллагууд анхаараасай. Компаниуд ч хариуцлагатай байж, байгаль орчин сүйтгэхгүй байх үүргээ биелүүлэх шаардлагатай.


- ХҮН-аас цаашдаа нийслэлийн тохижилт, хөгжилтөд зориулж ямар ямар арга хэмжээ авах вэ? Асуудлыг улстөржүүлэхгүйгээр, иргэдийнхээ төлөө ажиллаж чадах уу?

- ХҮН “Гол” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь байгальдаа ойр Улаанбаатарыг бий болгоё гэсэн иж бүрэн том бодлого юм. Туул, Улиастай, Сэлбэ дунд голуудын эрэг орчмын газрыг нийтийн зориулалттай ногоон байгууламж, спортын төрөлжсөн байгууламж, байгалийн төрхийг хадгалсан амралт зугаалгын бүс болгон хөгжүүлнэ.

Нийслэлийн бүх дүүргийн газар нутгаар гол урсдаг. Гол руу орж зугаалах боломжийг иргэдэд огт олгохгүй байна. Хувь хувьдаа аваад цементэлчихсэн. Зарим хэсэгт бургасыг нь хядчихсан. Энэ асуудлыг өнөөдөр НИТХ-ын хуралд мэдээлж, хэлэлцлээ. Энэ нь хот тохижилтын том ажил. Ногоон байгууламжийг хадгалах, тэрийгээ олон нийтэд зориулсан бүс болгох нь том бодлого юм. 

Мөн орон нутгийн хөгжлийн сан 4 дүгээр сарын 01-нийг хүртэл иргэдээс санал авч байгаа. Үүнд нийслэлийн иргэд идэвхтэй оролцож, гол орчмын хэсгийг амралтын бүс болгоход саналаа өгөх шаардлагатай байна. Үүнд уриалж байна.


Д.Үүрцайх: Шүүхийн шийдвэрээр Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) ялж, О.Бямбадэлгэр, С.Зоригтбаатар нар орон нутгийн сонгуульд хууль бусаар нэр дэвшүүлсэн болох нь тогтоогдсон


- Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үед танай нам дээр үүсээд байсан асуудал цэгцэрлээ гэж сонслоо. Энэ ер нь ямар асуудал байсан, одоо яаж шийдэгдсэн тухай товч ойлголт өгөөч?

- ХҮН-ын Нийслэлийн намын хорооны хурлал гээчийг 2020 оны 09 дүгээр сарын эхээр О.Бямбадэлгэр, С.Зоригтбаатар тэргүүтэй манай намын гишүүн бус хүмүүс хуурамчаар хийж, орон нутгийн сонгуульд өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүлсэн асуудал гарсан. Тэдний нэр дэвшүүлсэн бичиг баримтыг Нийслэлийн сонгуулийн хороо хүлээж авахаас татгалзах хуулийн зохицуулалтгүй учир яах аргагүй "жинхэнэ" ХҮН-аас нэр дэвшигчдийн бичиг баримттай зэрэгцүүлэн хүлээж авсан. 

Улмаар хурлаараа хэлэлцээд манай намынхныг жинхэнэ, хууль ёсны нэр дэвшигчид байна гэж үзэн орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргасан. Дээрх этгээдүүд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн АН-ын нийслэлийн хорооноос нэхэмжлэл гаргасан. Уг асуудал шийдэгдэхгүй явсаар өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх шийдвэрлэлээ. 

Тодруулбал, Дээрх этгээдүүд ХҮН-ын Нийслэлийн намын хорооны нэрийг ашиглан хүмүүсийг нэр дэвшүүлэх эрхгүй байсан байна. Мөн Нийслэлийн сонгуулийн хороо нь хууль ёсны ХҮН-ын нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль ёсны шийдвэр байна гэж үзсэн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “орон нутагт салбартай байх” гэдэг шаардлага нь сонгууль товлон зарлагдахаас өмнө хангагдсан байхыг шаардсан шаардлага биш байна. Харин “сонгууль товлон зарлагдахаас өмнө” гэдэг цаг хугацааны шаардлага нь зөвхөн тухайн нам нь Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн байх гэсэн хуулийн шаардлагад хамааралтай байна гэж үзсэн. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд байна гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэснээр Анхан шатны шүүх дээр ХҮН ялалт байгуулж, нөгөө хүмүүс хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бусаар нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан нь нотлогдсон.

Тэд ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлж, улмаар шүүхэд хандан актын биелэлтийг буюу манай намын гишүүдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийг гаргуулсны улмаас бид сонгуулийн сурталчилгаа эхэлснээс 7 хоногийн дараа сурталчилгаагаа эхлүүлсэн. Сурталчилгааг хугацаандаа буюу 7 хоногийн өмнө эхлүүлсэн бол бид орон нутгийн сонгуульд илүү амжилт гаргах байсан гэж харж байгаа. Энэ нь хэсэг бүлэг этгээд хуйвалдаад төрийн сонгуулийг гацаадаг, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хохироодог бурангуй нөхцөл байдлын илрэл болсон юм.

ХҮН-ын зүгээс тэдгээр этгээдийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдэг үндэслэлээр цагдаа, тагнуулын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Энэ дагуу Эрүүгийн хэрэг нээгээд, мөрдөх ажиллагаа хийн шалгаж байгаа.

- ХҮН-аас “Ерөнхийлөгчөө сонгоё” санал асуулга явуулсан. Энэ асуудал юу болсон, дүн нь хэзээ гарах вэ?

- Санал асуулга явагдаад дууссан. Одоо энэхүү судалгааныхаа үр дүнг дүгнэх ажил хийгдэж байна. 

- Иргэд нийт хэдэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр санал болгосон байна вэ, энэ талаарх тоо гарсан уу?

- Иргэд 140 орчим хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр нэрлэсэн. Тэднээс хамгийн олон санал авсан, шалгуурыг хамгийн өндөр түвшинд хангаж буй хүмүүстэй яриа хэлэлцээ хийнэ. Хуульд заагдсан нэр дэвшигчид тавигдах шалгуураар шүүлт хийгдэнэ.

Дараа нь мэдээж манай намын болон эвслийн мөрийн хөтөлбөрүүдийг дэмждэг үү, Зөв хүн электорат эвслийн улс төрийн шаардлагыг хангах уу гэсэн шалгуурууд бас бий. Улмаар хуулийн хугацаанд нэр дэвшигчийг зарлана.