Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож байгаа билээ. Энэ өдөртэй холбогдуулан хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Олимпийн өдрийн хүрээнд олимпийн медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон олимпийн ахмад медальтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэх юм. Мөн шилдэг тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх спортын заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгох гэнэ. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонирхуулахад манай улсын тамирчид 1964 онд Японы Токио хотод болсон зуны Олимпийн XVIII дахь наадмаас эхлэн хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон спортын их баяр наадамд оролцож байсан. Түүнээс хойш 2008 оны Бээжингийн наадмаас жүдо бөхийн төрөлд Н.Түвшинбаяр, боксын төрөлд Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртсэн юм.

Чөлөөт бөхийн төрөлд “Мехико 68”-аас Ж.Мөнхбат, “Мюнхен 72”-оос Х.Баянмөнх, “Монреаль 76”-гаас З.Ойдов, “Москва 80”-аас Ж.Даваажав нар мөнгө, жүдо бөхийн төрөлд “Москва 80”-аас Ц.Дамдин, “Лондон 2012”-оос Н.Түвшинбаяр нар мөнгө, боксын спортын төрөлд “Бээжин 2008”-аас П.Сэрдамба, “Лондон 2012”-оос Н.Төгсцогт нар мөнгө, “Бээжин 2008”-аас буудлагын спортын төрөлд О.Гүндэгмаа, мөнгө, “Мехико 68”-аас Д.Сэрээтэр, Т.Артаг, Ч.Дамдиншарав, “Москва 80”-аас Д.Оюунболд, “Лондон 2012”-оос С.Батцэцэг нар чөлөөт бөхийн төрөлд хүрэл, “Сөүл 88”-аас Н.Энхбат, “Барселона 92”-оос Н.Баярсайхан, “Лондон 2012”-оос У.Мөнх-Эрдэнэ нар боксын спортын төрлөөр хүрэл, "Барселона 92"-оос Д.Мөнхбаяр буудлагын спортын төрөлд хүрэл, “Москва 80”-аас Р.Даваадалай, “Атланта 96”-гаас Д.Нармандах, “Афин 2004”-өөс Х.Цагаанбаатар, “Лондон 2012”-оос С.Ням-Очир нар жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.