АНУ-ын допингийн эсрэг байгууллага 33 настай усанд сэлэгч Райн Лохтыг хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэж үзэн тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь 14 сараар хасчээ. Тэрбээр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын жагсаалтад зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой ангилалд багтсан эмийг дур мэдэн хэтрүүлсэн жороор хэрэглэснээс улбаалан уг шийтгэлийг хүртжээ. Хамгийн гол нь мэдэгдэхгүй өнгөрч болох байсан боловч нэрт усанд сэлэгч өөрийн дусал залгуулж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд байршуулснаар өөрийгөө илчилсэн юм.

Олимпоос 12 медаль хүртсэн хашир туршлагатай тамирчин Райн Лохт хэлэхдээ “Би санаатайгаар ямар нэг хориотой эм бэлдмэл хэрэглээгүй. Тэмцээн уралдаанд оролцохдоо зохион байгуулагчдын өгсөн хүнсний бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг. Гэхдээ дүрэм бол дүрэм. Бусад тамирчид миний алдааг давтахгүй байх гэж найдаж байна” гэжээ.

Райн Лохтын хувьд 2016 онд мөн тэмцээнд оролцох эрхээ 10 сараар хасуулж байсан билээ. Гэхдээ тэр үед допингийн асуудлаар биш 2016 оны Риогийн олимп үргэлжилж байх үеэр өөрийг нь дээрэмчид буу тулган барьцаалсан гэж худал мэдүүлэг өгснөөсөө болж шийтгүүлж байсан удаатай.

Юутай ч түүний 14 сарын шийтгэл өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн тооцогдох бөгөөд 2019 оны 7 сарыг дуустал ямар нэг тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болж байгаа юм.


Эх сурвалж: SPS