Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 20.000.000 хүн өвчилж, 736.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 13.00.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Коронавирус дэгдсэн эхний гурван сарын хугацаанд нийт нэг сая хүн өвчилсөн бол сүүлдээ нэг сарын хугацаанд, өнгөрсөн сард 4 хоногийн дотор нэг сая хүн өвчилсөн. Одоо гуравхан хоногт нэг сая хүн өвчилж байна. Энэ коронавирус ямар эрчтэй тархаж буй харуулж буй юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 253.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас баржээ. 

Иймд ДЭМБ-ын өчигдрийн хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал "Коронавирусээр олон хүн өвчилж, эндсэн хүнд хэцүү цаг үе болж байна. Гэсэн ч бид итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй. Цар тахлыг даван туулахад бидэнд хоёр алхам чухал. 

Нэгдүгээрт, Засгийн газар шуурхай ажиллах, 

Хоёрдугаарт, Иргэд амьдралын шинэ хэв маягт суралцан хэвшил болгох юм. Үүнд тогтмол амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг барих, зөв ханиаж найтаах, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад тараахгүй гэртээ байх юм. Үүнийг хүн бүр хэвшүүлснээр цар тахлын ард гарна" гэдгийг дахин онцолсон.

Сүүлийн 24 цагт Энэтхэгт 53.000, АНУ-д 48.000, Бразильд 22.000 хүн шинээр коронавирусээр өвчилсөн байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д 24 цагт 5118 хүн шинээр өвчилж 70 хүн эндсэн. БНХАУ-д шинээр 115 тохиолдол бүртгэгдсэнээс 31 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Японд сүүлийн хоногт 839 хүн шинээр өвчилж, 5 хүн нас барсан байна.

АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд 180.000 орчим хүүхэд коронавирусээр өвдсөн. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 90 хувиар өссөн байна. Иймд тус улсын Хүүхдийн эмч нарын академи болон Хүүхдийн эмнэлгүүдийн холбооноос "Хүүхэд коронавирусээр өвчлөхгүй" гэсэн ташаа мэдээллээс ангид байж, хүүхдээ сайн асарч, халамжилж, анхаарлаа сайжруулах шаардлагатайг эцэг эхчүүдэд сануулсан. 

Мөн ОХУ-ын тэргүүнзэргийн тархвар судлаач "ОХУ-д коронавирусийн хоёр дахь давалгаа 10 дугаар сард тохионо. Энэ нь одоо гарч буй өвчлөлөөс илүү эрсдэл өндөр байх учраас бэлэн байдлаа сайн хангах хэрэгтэй"-г анхааруулсан. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 63 хүн хүн орж, 273 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 3147 хүн ажиглалтад байна. Тэдэнд 79 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 71 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 12 их эмч, 41 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 44 нь сувиллын ажиглалтад, 26 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.