ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг хоёр дах вакцинаа гарган авсан тухай мэдэгдлээ. Пептид суурилсан вакциныг Новосибирск хотын Вирус судлал, биотехнологийн төвд бүтээсэн байна. Эхний туршилтад сайн дурын 100 хүн оролцсон бөгөөд тус улсын Шадар сайд Татьяана Голикова хүртэл хамрагдсан байна. Туршилтын үр дүнг хараахан олон нийтэд ил зарлаагүй байгаа ч амжилттай болсон гэж мэдэгдэж байна.

Хоёр дахь туршилтад сайн дурын 40 мянган хүн оролцох тул эхний ээлжний 60 мянган тун вакциныг ойрын ирээдүйд үйлдвэрлэх гэж байна. ОХУ гурав дахь вакцинаа ирэх арванхоёр дугаар сард бүртгэж авахаар мөн төлөвлөж байна.

Эхний вакциныг Москва хотын Гамалеяа судалгааны төвд бүтээсэн бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард 40 мянган сайн дурын хүмүүсийг хамарсан туршилтыг хийсэн. Гурав дах шатны туршилтыг 2021 оны зун хийхээр төлөвлөж байна. ОХУ коронавирусын халдварын тоогоороо дэлхий дээр дөрөвт ордог, нийт 1,340,409 халдвар бүртгэгдээд байна.