ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах аж. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Киргиз улсад болсон ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалт дээр дурдлаа.

Тэрээр "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе" хэмээв.