Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирус халдвар дэлхийн 213 оронд тархаж, нийт 1.9 сая хүн өвчилсөн. Үүнээс 119.686 хүн нас барж, 4400 хүн эдгэрч, 1.3 сая хүн яг одоо эмнэлэгт эмчлүүлж байна. 

Өвчлөлийн тархалт АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцарь, Их Британи, Туркэд эрчимтэй дэгдсэн хэвээр байна. Сүүлийн үед Европын орнуудаас ОХУ анхаарлын төвд байна. Өчигдөр тус улсад 2186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барж, нийт халдвар авсан хүний тоо 18.386 боллоо. 

Улаан-Үдэд өчигдөр 5 тохиолдол илэрч, нийт 86 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь хүүхэд байна. Эрхүүд нийт 39 тохиолдол бүртгэгдсэнээс 2 нь нас барсан, 2 нь хүүхэд байна. Тувад 6 хүн өвчилснөөс нэг нь эмнэлгийн ажилтан. 

ОХУ, ялангуяа Москва хотод тархалт их байгаа учир батлан хамгаалах салбарын эмнэлгүүдийг коронавирусийн эмчилгээ, оношлогоонд ашиглахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Казастанд өвчлөл нэмэгдэж, нийт 979 хүн халдвар авч, 12 хүн нас барсан. 

Сүүлийн 24 цагт Азийн орнуудаас Сингапурт өвчлөл огцом нэмэгдэж, 386 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад өвчлөл огцом нэмэгдэж буй шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүст гэртээ 14 хоног тусгаарлагдах зөвлөмж өгөхөөр шийдвэрлэсэн. Гэвч иргэд өөрийгөө тусгаарлахгүй олон нийтийн газраар явж халдвар тараасан гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.

ОХУ-Д өвчлөл эрчтэй нэмэгдсэн нэг шалтгаан нь АНУ болон Европоос ирсэн хүмүүст гэртээ 14 хоног тусгаарлагдах зөвлөмж өгсөн ч дэглэм сахиагүйгээс болсон гэж үзэж байна" хэмээлээ.