Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн. Шинээр Иемэн улсад анхны тохиолдол батлагдсан. Тус халдвараар нийт 1.698.323 хүн өвчилж, 102.696 хүн нас барж, 376.254 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 1.2 сая хүн уг өвчинтэй тэмцэж, эмнэлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.

АНУ, Итали, Герман,Франц, Испани, Швейцарь, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. 

Азийн орнуудаас хоёр улс анхаарлын төвд байна. Японд сүүлийн 24 цагт 589 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 189 нь Токио хотод байна. 

БНСУ-д 30 шинэ тохиолдол бүртгэгдсэний олонх нь залуучууд байна. Хөл хорио дууссаны дараа залуучууд баар, цэнгээний газруудаар их орж байгаа нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна гэж эмч нар үзэж байна. 

ОХУ-д тархалт өндөр, баасан гарагт шинээр 1786 хүн өвчилсөн. Улмаар тус улсад нийт 11.917 хүн коронавирусийн халдвар авснаас өчигдрийн байдлаар нийт 795 хүн эдгэрч, 94 хүн нас барсан байна. Өчигдөр 18 хүн нас барсан.

Улаан-Үдэ хотод 60 хүн өвчилж, 12 хүн эдгэрч, 1 хүн нас барсан. Эрхүүд 21 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан. Өчигдөр Тувад 1 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Иймд ОХУ хөл хориогоо чангатгаж, ирэх даваа гарагаас зөвхөн ажлын үнэмлэхтэй хүмүүсийг гэрээс гаргахаар шийдвэрлэсэн байна.

БНХАУ-д 42 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж иржээ. Иймд Епроп, АНУ-аас Азийн орнууд руу хоёр дахь, цаашдаа гурав дахь давалгаа зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонконгийн эдэмтэн судлаачид анхааруулж байна. 

Манай улсад коронавирусийн нийт 16 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн. 4 нь эдгэрч сувилалд шилжсэн. 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Ажиглалтад нийт 1425 хүн байна" хэмээн мэдээллээ.