Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгджээ. Нийт 3.1 сая хүн өвчилж, 217 мянган хүн нас барж, 951 мянган эдгэрч, уг өвчний улмаас яг одоо 1.9 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт ОХУ-д коронавирусийн 6411 тохиолдол шинээр бүртгэгдэж, 72 хүн нас барж, 1100 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Тус улсад нийт 93.000 хүн коронавирусээр өвчилсөн байна. 

Шинэ халдварын 50 хувь нь Москва хотод, 53 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр бүртгэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Өвчлөл буураагүй, мөн оргил үедээ хүрээгүй байна" байна хэмээгээд хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгаж, хөл хорионы хатуу дэглэмийг хүн бүр сахихыг анхааруулсан. Мөн тавдугаар сард болох баярын өдрүүдийг тэмдэглэхгүй, айлд очихгүй байхыг сануулсан.

Мөн тэрээр "Бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн хүнд нөхцөлд орж, коронавирус гэдэг дайсантай тэмцэж байна. Энэ тэмцэлд эмнэлгийн ажилтнууд гол цохилтыг өгч, ихэнх нь фронт дээр бидний төлөө тэмцэж байна. Иймд хүн бүр хариуцлагатай байж, бидний төлөө ажиллаж буй  эмч, эмнэлгийн ажилчдын зөвлөмжийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой" хэмээсэн.

Монгол Улсын хувьд ажиглалтад нийт 735 хүн байна. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээг эвийн үзүүлж байна. 

Иргэд олон нийтийн газраар амны хаалт зүүлгэлгүй хүүхдээ дагуулан их явж байна гэсэн санал, сэрэмжлүүлэг олон ирж байна. Иймд иргэд олон нийтийн газраар аль болох хүүхэд дагуулж явахгүй байх, дагуулж явсан тохиолдолд амны хаалт заавал зүүлгэх шаардлагатай" хэмээлээ.