Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад нийт нэг сая 980 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилж, 126.530 хүн нас барж, 485.677 хүн эдгэрсэн байна. Одоо 1.3 сая хүн уг өвчний улмаас эмчилгээ хийлгэж байна.

АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцари, Их Британи, Турк улсад өвчлөлийн тархалт эрчтэй хэвээр байна. 

Хойд хөрш ОХУ улс анхаарлын төвд байгаа. Тус улсад сүүлийн долоо хоногт өвчлөл гурав дахин нэмэгдэж, 21102 хүн өвчилсөн. 24 цагийн хугацаанд 2774 хүн шинээр халдвар авч, 22 хүн нас барсан байна. Нийт өвчлөлийн 50-60 хувь нь Москва хот орчимд гарсан. Үүнийг гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг сайн мөрдөөгүйгээс болсон гэж эмч нар үзсэн. 

ОХУ-д бүртгэгдсэн тохиолдлуудын 30 хувиас нь ямар ч шинж тэмдэг илрээгүй. Иймд иргэд нэгдүгээрт гэрээс гарахгүй  байж, тусгаарлалтын дэглэмийг маш сай сахих шаардлагатай. Хоёрдугаарт, зайнаас харьцах нь хамгийн чухал. Мөн олон нийтийн газар, ялангуяа эмнэлгээр явахгүй бай гэдгийг мэргэжилтнүүп онцлон анхааруулсан. 

Сүүлийн 24 цагт Японд 482 шинэ тохиолдол бүртгэгдсэн, БНХАУ-д 36 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн.

Манай улсад коронавирусийн нийт 30 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Тэдгээрээс 5 нь эдгэрсэн, 25 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тусгаарлан ажиглалтад 1672 хүн байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд тэдний хоёрт нь нарийн мэргэжлийн эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Бусдынх нь биеийн байдал хэвийн байна" хэмээлээ.