Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, хоёр сая гаруй хүн өвчилсөн. Хагас сая хүн эдгэрч, 136908 хүн нас барж, 1.4 сая хүн одоо хэвтэн эмчлүүлж байна. 

АНУ, Турк, Иран, Итали, Их Британи, Швейцарь зэрэг орнуудад эрчтэй тархсан хэвээр байна.

БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 34 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 30 нь ОХУ-д зорчоод ирсэн хүмүүс байна. ОХУ-д тархалт өндөр байна. Энэ сарын 15-нд тус улсад 3388 хүн өвчилж, 28 хүн нас барсан. Энэ нь өвчлөл, нас баралт хамгийн олон бүртгэгдсэн үзүүлэлт боллоо. Алтайн муж улсаас бусад бүх нутагт нь короавирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. Нэг онцлог нь гол төлөв 18-35 насны хүмүүс өвчилж байна. Мөн гэрийн дэглэмд байсан 200 хүнийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэд гэрийн дэглэмээ сайн сахиагүйн улмаас өвчин хүндэрч эмнэлэгт тусгаарлагдаж буй аж.

Халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Улмаар хоёр дахь долоо хоногоосоо өвчлөл хүндэрч, уушгины хатгалгаа болох тохиолдол их байна. Иймд ОХУ-д амьсгалын аппарат маш шаардлагатай болсноор Урал машины үйлдвэр дан амьсгалын аппарат үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус үйлдвэр өдөр 10 аппарат үйлдвэрлэдэг байсан бол 100-г үйлдвэрлэдэг болсон байна. Москва хотод бага насны хүүхэд халдварлах нь нэмэгдэж байна" хэмээн мэдээллээ.