АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн багт ажиллаж байсан гурван хүн ОХУ-тай холбоо тогтоосон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатны санал асуулгаар нэр дэвшигч Хиллари Клинтон ялалт байгуулах магадлал маш өндөр байсан. Гэвч хэн бүхнийг гайхшруулсан эргэлт болж Бүгд найрамдах намаас дэвшсэн ноён Дональд Трамп ялсан билээ. 

Хиллари Клинтон өөрийн дуртатгал номдоо өнгөрсөн оны сонгуульд ялагдсан шалтгаанаа бичжээ. Үүнд "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын сонгуульд оролцож, Дональд Трампыг ялахад тусалсан. Үүнээс болж ялагдсан" гэсэн байна. Энэ асуудлыг анх Америкийн Ардчилсан намаас гаргаж цаашлаад конгресст хүрсэн юм. 

Конгрессоос энэ асуудлыг шалгахаар болж Холбооны мөрдөх товчоонд 12 жил ажилласан Роберт Мюллерээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Үүний дагуу шалгалт хийсний эцэст Дональд Трампын сонгуулийн багт ажиллаж асан гурван хүнийг шүүхэд гэрчээр дууджээ. Жорж Пападополус өнгөрсөн оны гуравдугаар сард Дональд Трампын сонгуулийн багт Гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан. Пол Манафорт нь сонгуулийн аяны ерөнхий зохион байгуулагч. Рик Гейтс олон нийтийн сүлжээ, харилцаа хариуцжээ. 

Энэ мягмар гарагт тэдний хаалттай шүүхэд өгсөн мэдүүлгийг олон нийтэд дэлгэлээ. Одоо тэднийг Америкийн эсрэг хуйвалдаж гадаад улсын ашиг сонирхлыг төлөөлж ажилласан, мөнгө угаасан гэх 12 хэрэгт буруутгалаа. Тэдний шүүх хурал болж энэ бүхнийг баталбал Оростой ямар ч холбоогүй гэдэг байр сууриндаа бат байдаг ноён Дональд Трампын нэр хүнд унах нь лавтай гэж ажиглагчид үзэв.