Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны найман байрны өмчлөх эрхийг Засгийн газрын нэр дээр бүртгэх болов. 

Дээрх байрыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэлээ хангаж, II улиралд багтаан хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. 

Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан байрууд нь Баянгол дүүргийн хоёрдугаар хорооллын XVII байр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр бөгөөд “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. 

Иргэд байраа хувьчилж авахаар 20 гаруй жилийн турш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.