Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжсэн зарим орон суугчийн оршин суугчдад нь үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэв.

Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн нийслэлийн Баянгол дүүрийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. 

Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн саналыг дэмжив.