Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 минутанд “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа.

Тус нислэгээр ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчрав. 

Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин 3 дугаар сарын эхний долоо хоногт ирүүлэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.

Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.

ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 дугаар сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж.  "Спутник V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоожээ.