Нийслэлийн Байгаль орчны газрын даргын тушаалаар ойн сан, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд шинээр барилга, байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрт нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид сахилгын шийтгэл ногдуулж байхаар боллоо. Уг шийдвэрийн хэрэгжилтэд тодорхой хугацааны давтамжтай авагдсан сансрын зургийн мэдээллийн санг эх сурвалж болгон ашиглах юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ногоон бүсэд газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Газрын алба, Байгаль орчны газар хамтран зохион байгуулж, албадан чөлөөлөлтийг хийж эхэлсэн бөгөөд дээрх шийдвэр нь захирамжийг хэрэгжүүлэх дараагийн шатны ажил болж байна.

Мөн Улаанбаатар хотод 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан ногоон бүсийн ойн санд учирч болзошгүй. Иймээс эрсдэлийг бууруулах зорилгоор ойн сантай нутаг дэвсгэрийн морин эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хамтарсан эргүүл шалгалтын шатахууны хэмжээг өсгөх, ойн сан бүхий нутгийн иргэдэд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгохыг байгаль хамгаалагчдад өгөгдлөө.

Та ой, усны сан бүхий газарт барилга байгууламж, хашаа барьж буй талаарх дуудлага мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст 318003 утсаар мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.