Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн  зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт  22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ.

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ой хээрийн түймэр гарч 1500 га газар шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тус аймгийн Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газарт гал гарсан гэсэн дуудлагыг өчигдөр 10:35 цагт өгчээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, 1 автомашин, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, 2 автомашин гээд нийт 51 хүн, 6 автомашинтай ажиллаж 18:00 цагт цурманд оруулж,19:24 цагт галыг бүрэн унтраасан байна.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар гал түймэр гарч 13 га ойн талбай шатжээ.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.