Тайланд Улсын Авлигатай тэмцэх газраас Нахон Ратчасима мужийн сургуулиудын удирдлагыг сургуульд огт сурдаггүй 200 гаруй сурагчийг нэмж бүртгэн улсаас олгодог тэтгэмж авдаг байсан хэрэгт сэжиглэж байна. 

Энэ асуудлыг “Сүнс сурагч” гэж нэрлэдэг бөгөөд бүртгэлтэй ч сургуульдаа ирж, хичээлдээ огт суудаггүй сурагчдад зориулсан нэршил ажээ. Тус улсын Анхан шатны боловсролын хорооноос дунд болон ахлах ангийн сурагчдад тэтгэмж өгдөг байна. 7-9-р ангийн хүүхдүүдэд боловсролд нь туслах, ур чадвараа сайжруулах, сурах бичиг худалдан авах зэрэгт нь зориулж 4800 бат /145 ам доллар/, 10-12 дугаар ангийн сурагчдад 6250 бат /190 ам доллар/ олгодог ажээ.    

Мөрдөгч нар тус мужийн хоёр сургуулийн 196 “сүнс сурагч”-д 1 сая орчим батыг зарцуулсан гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Гэвч сургуулийн захиргаанаас эдгээр сурагчид жинхэнэ хүмүүс мөн. Муу сурдаг учраас дүнгийнх нь талаар мэдээлэл байхгүй. Мөн зарим сурагчид сургуулиас гарсан ч багш нартаа мэдэгдээгүйгээс болж, албан ёсны бүртгэл асуудалтай байна гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Эх сурвалж: https://www.iaac.mn