Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдод боломж олгож 49 хоногийн хугацаа өгч байгаагаа мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл оффшор данстай Улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан юм. Энэ хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ гэж сануулсан. Ерөнхийлөгчийн дурьдсан хугацаа есдүгээр сарын 11-нд дуусна. Өөрөөр хэлбэл  13 хоногийн хугацаа үлдсэн гэсэн үг. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн. Эдгээр офшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.