Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчдад дансаа хааж, байршуулсан мөнгөн хөрөнгөө эх орондоо оруулж ирэхийг уриалсан билээ. Өчигдөр албан ёсны хугацаа нь дууссан энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүйг дурьдсан байна. Мөн хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг албан ёсоор зарласнаас гурван сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авч өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэйг хэлэв. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын цааш  ярьснаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон. Тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Хуулиар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилжээ.

Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж  аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.