Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон улсын стандартууд ба тэдгээрийн Монгол дахь нөлөө”, Швейцарийн Авилга ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос “Оффшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд” сэдвээр тус тус лекц уншиж байгаа юм.