УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр улс даяар нэгэн зэрэг явагдаж, урьдчилсан дүн гарсан.

Энэ удаагийн сонгуульд нийт 29 тойрогт 76 мандатын төлөө 606 хүн нэр дэвшин өрсөлдсөн. Санал хураалтын дүнгээр 76 мандатын 62-ыг нь МАН, 11-ыг АН, Зөв хүн электорат эвсэл нэг, Та бидний эвсэл нэг, бие даагч нэг авсан.

Улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ын авсан суудлын тоо эрс зөрүүтэй буюу АН үнэмлэхүй бага суудал авсантай холбоотойгоор улс төрчид сошиалд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн О.Эрдэнэбулган "Энэ гамшигт ялагдал (landslide loss )бол бүх АН-ыг удирдаж байсан Дарга, түүний баг, үндэсний бодлогын хорооны гишүүдын ялагдал! Бид бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой. Нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна" хэмээн твиттерт жиргэжээ.