"Блиц" булангийнхаа зочноор “Үл таних эмэгтэй”, "Улаан пальто", "Ар хударга" зэрэг кинонд тоглож хэдийнэ үзэгчдийн танил болсон жүжигчин, СТА О.Долгорыг урьлаа. Тэрбээр өөрийн "Point" продакшны бүтээл болох "Сэтгэлийн анир" киноны нээлтээ маргааш хийхээр төлөвлөжээ.


1. Та өглөө хэдэн цагт босдог вэ?

-Уран бүтээлийн ажил эхэлчихсэн үед голдуу оройтож харьдаг. Гэсэн хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг болохоор 8 цагт босдог.


2.Өдөрт голдуу хэдэн цаг ажилладаг вэ?

-Өмнө нь дандаа хувь уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байсан бол энэ удаа гэр бүлийн хүнтэйгээ хамтраад бие даасан уран бүтээл хийж үзлээ. 11 сарын сүүлээс хойш зураг авалттай байсан. Гэртээ хамгийн эртдээ шөнө 2 цаг гээд орж байна.


3. Хоолондоо өдөрт ихэнхдээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Гадуур хооллохдоо 20-30 мянга зарцуулж байна. Бусад үед аль болох гэрийг хоолоо идэх дуртай. Яаж ч оройтсон байсан гэртээ хоолоо хийж иддэг.


4. Идэхээс татгалздаг хүнс?

-Хэт их амтлагчтай, жантай, бор болтол нь шарсан хоол нэг л сүжиггүй санагддаг.


5. Үйлчлүүлдэг банк?

-Хаан, Голомт банкаар үйлчлүүлээд сурчихсан.


6. Барьдаг утас 

Самсунг S8

7. Дуртай үнэртэн?

-hermes un jardin sur le toit


9. Сүүлд ямар ном уншив?

-Багаасаа ном уншиж номын тэмдэглэл хөтлөх дуртай байсан, тэр дадлаа орхиогүй. Сүүлд уран бүтээлийнхээ завсар зайгаар Дейл Карнегийн цувралуудаас дахин уншсан. Энэ төрлийн номоос би урам, эрч хүч авдаг.


9. Мэдээллээ хаанаас авдаг вэ?

-Ихэвчлэн сошиалаас бас сайтуудаар орж авдаг. Үнэндээ ажил ихтэй болохоор сонин уншиж, телевиз үзэх зав гардаггүй. Сүүлд хэзээ тухлан зурагт үзсэнээ ч санахгүй байна.


10. Сэтгэл санаа тавгүй үед очдог газар байгаа юу ?

-Ийм үед олны хөлөөс дайжиж нам гүм газар ганцаараа сууж бодож эргэцүүлж шийдлээ олдог. Хаанаас ч билээ намайг нар салхины энерги авбал зохих гэж гэж уншиж байсан юм. Тэр үнэн байх аа, би хөдөө байгаль руу тэмүүлдэг хүн л дээ.  Эсвэл нар тусдаг цонхтой буйдхан кофе шопт суудаг. Нарыг мэдрэх, нар руу алгаараа даллах тэр мэдрэмж сонин.


11. Хэр мөрөөдөмтгий хүүхэд байсан бэ?

-Бага байхдаа картын бараанд дугаарладаг, дүүгээ хардаг, гэрээ орноо цэгцэлдэг айлын том хүүхэд байлаа. Тэр үед угаалгын машинтай айл ч ховор байж. Дүү нарынхаа баахан хувцас угаадаг сан, хажуугаар нь бас хичээлээ хийнэ. Одоогийнх шиг сошиал гэх мэт сатаарах зүйл байгаагүй учраас их л завгүй өнгөрсөн. Тэр бүх ажлаа амжуулаад орой бушуухан шиг орондоо ороод зохиол шиг үргэлжлүүлэн бодож мөрөөдөх дуртай хүүхэд байж билээ. 


12. Багын мөрөөдлөө биелүүлж чадсан уу?

-Урлагийн хүн болно гэсэн мөрөөдөл надад байгаагүй. Харин хувь хүний хувьд ийм тийм хүн болно гэсэн бодлууд минь бүгд биелэлээ олсон. Намайг цаанаас хувь тавилан харж ерөөжээ гэж боддог. Зарим зүйлс өмнө нь тохиолдож байсан юм шиг мэдрэмж төрдөг дөө. Надад төрсөн тийм мэдрэмжүүд минь мөрөөдөж байсан зүйлсийн маань нэг хэсэг, биелэл нь байдаг.


13. Амжилтад хүрэхэд авьяас, зүтгэл хоёрын аль нь чухал гэж боддог вэ?

-Мэдрэмж чухал. Мэдрэмжийг авьяас хөглөдөг. Түүнээс олон зүйл урган гарна.  Мэдрэмжтэй хүн юун дээр ч аливаа зүйл дээр цаанаасаа эв дүйтэй байдаг. Харин тийм биш бол мянга ярьж тайлбарлаад ч нэмэргүй. Тиймээс би мэдрэмжгүй, эв хавгүй хүнээс хол байхыг хичээдэг.


14. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-2007 онд сургуулиа төгсөөд жил болж байлаа. Урлагийнханаас айж халгаад, өөртөө хаалт босгочихоод байсан үе л дээ. Тэр үед яадаг ч байсан зориглоё гээд телевизийн урсдаг зараар очиж киноны пробонд орсон. Ингээд анх удаа “Төрийн дайсан” кинонд туслах дүрд тоглосон түүхтэй.


15. Ямар сэдвийг анхааран сонсдог вэ?

-Хүнд зааж тулгасан биш, энгийн хүмүүсийн яриаг сонсох дуртай. Хөрөг нэвтрүүлгүүдийг үзэж байхад тэр хүний амьдралын тухай бодол, философи, түүхийг нь сонсох сайхан санагддаг. Тэр ярианаас өөрт хэрэгттэй олон зүйлсийг олж авахыг хичээдэг.


16.Мөнгө зарахдаа гар татдаггүй зүйлс?

-Бага байхад аав ээжийн авчирсан гутлыг л өмсдөг байлаа. ямар ч сонголтгүйгээр, тэр гутлаа намар бас хавар өмсөнө. Урагдаад шинийг авах нь дээ гэж бодохоор өвөө маань бөх гэгч оёод өгчихдөг байж билээ. /инээв/ Эсвэл том эгч нарын гутал ээлж дараагаар хүрээд ирнэ. Эргээд бодохоор хөөрхөн санагддаг юм. Харин одоо гоё гутал авахдаа гар татдаггүй. Ахиу мөнгөтэй болохоороо авна ч гэж хойшлуулдаггүй, шууд л худалдаад авчихдаг.

17. Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулдаг зүйлийг юу гэж боддог вэ?

-Хэлбэр талаасаа хэлвэл зөндөө л зүйл бий. Харин сэтгэл дүүрэн, тайван амгалан эмэгтэй хамгийн сайхан харагддаг. Охид бол аав ээжийнхээ хайраар гэрэлтдэг бол нөхөрт гарсан бүсгүйчүүд хань ижлийнхээ халамжаар л илүү сайхан харагддаг. Хэчнээн торго дурданд ороолоо ч сэтгэл дундуурхан эмэгтэйн харц цаанаа л гундуу байдаг шүү дээ. Би тийм харцыг өрөвддөг. Уг нь эр хүн тэр хайрыг усалж ургуулж жаахан л тордчих юм бол амархан цэцэглээд ирнэ. Тэр нь тийм том зүйл биш шүү дээ. Сайхан үг, урам дэм гээд жижигхэн зүйлс юм. Энэ тал дээр санаа зовнидог учраас гэр бүлийн хүнтэйгээ хамтран “Сэтгэлийн анир” киногоо хийсэн.


18. Урд насанд итгэдэг үү?

-Урд насанд ч намайг харсан тэнгэр бий гэдэгт ч итгэдэг. Заримдаа зогсоол олдохгүй болохоор зайдуу тавьчихаад алхаж явахдаа намайг хардаг тэнгэртэй дотроо ярилцдаг. Тэндээс би ямархуу харагддаг бол ч гээд л бодож явтал нэг мэдэхэд очих газраа хүрчихдэг юм. 


19. Азжаргалыг юунаас мэдэрдэг вэ?

-Хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх замд завсаргүй шулганалдаж хамаг зүйлсээ ярихыг сонсох тэр мэдрэмж хамгийн сайхан. Тэр үед цаг завгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа ч эрүүл элэг бүтэн байхын жаргалыг мэдэрдэг. Үүнээс илүү аз жаргал гэж хаана байхав.


20. Ажилдаа баримталдаг зарчим?

-Өмнө нь олон уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа тэднээс олон сайхан зүйл сурсан. Анх удаа баг хамт олон удирдаж байгаа учраас тэдэнтэйгээ инээд хөөртэй, хариуцлагатай, зарчимтай ажиллахыг хүсдэг. 


21. Ямар өнгөнд дуртай вэ?

-Хар өнгө. Хувцасны 80 хувь нь хар болчихсон. Хар өнгийн хувцас өмсөхөд биед амар бас өөртэй итгэлтэй болдог. Харин хэт бие барьсан хувцасаас татгалздаг.


22. Бодол биелдэг гэдэгт итгэдэг үү?

Итгэдэг.

23. Хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж бодож төлөвлөсөн зүйл: 

- Өөрийгөө зохиолч юм уу зураач байсан болоосой гэж их боддог. Магадгүй нас ахихаараа зуслангийн сайхан байшинд амар амгалан орчинд цэцэг тариад номоо бичиж болох юм.


24.Өөрийгөө ялан дийлсэн зүйл?

-Нэг удаа хүнд өвдөж байсан. Тэр үед ямар ч л байсан эдгэнэ гэж өөртөө итгүүлж чадсанаараа өвчнөө ялж чадсан.


25.Амьдралаа хөглөж эрч хүч авдаг зүйлс?

-Амьдралын зорилго, хань, үр хүүхэд.


"Сэтгэлийн анир" кино маргаашаас эхэлж бүх кино театруудаас гарна