Энэ зуны аяллын гол маршрут болсон Цагаан суварга үзэх боломж олдлоо. Говь нутагт одоо л зун болж эхэлж байна. Өндөр уулс намсаж, тэртээх тэнгэрийн хаяа цэлийн уужирсаар. Ухаа толгод цуварна... Өвс ургамал улам л тачир, өнгө зүс нь цаана л нэг сүр муутайхан. Тийм боловч амт чанар нь харагдах энэ байдлаасаа тэс ондоо, илүү гэх.

Говийн малын мах амттай гэж ярьдаг нь үүнтэй л холбоотой биз ээ. Эрс хатуу энэ уур амьсгалд дасан зохицож, байгалийн амаргүй шалгаралд тэсч гарсан, ус чийгний бараа харахгүй шахам хүнд нөхцөлд өвс ногоо ургаж, хэнзэлнэ гэдэг хүний нэг насны амьдралаар авч үзвэл бэрх даваа.

Хээр тал хил хязгааргүй үргэлжилнэ. Явах замд хааяа нэг машин зөрнө. Цагаан суварга ороод буцаж яваа нь тэр болов уу гэж таана. Газар тэнгэрийн дунд алсын уулс өндөлзөнө.

Нарны эртэд орон хотоос хөдөлсөн болохоор их үдэд зорьсон газраа бид хүрээд ирлээ. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших эгц цавчим мөргөцөг үзэх гэж олны урсгал энэ зунжин наашаасаа тасарсангүй, цувлаа. Хотоос холгүй, зам цагаан учраас унаа тэрэгт зүдрэх бартаа саад гэж алга. Говийн намар урт болохоор ийшээ зорих хүмүүсийн цуваа шингэрэх болоогүй аж.

Эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр олон жил сүүл мушгиж яваа Дундговь аялал жуулчлалд бодитой анхаарах бус зөнд нь орхисон бололтой. Их, Бага газрын чулуу гээд үзэх, харах юмс энэ л нутагт дуусахгүй их.

Засмал замаас Цагаан суварга руу зүүн салахад танилцуулга, зүг чиг заасан самбар, тэмдэглэгээгээ ер харагдсангүй. Ийм юмгүй болоод төөрч давхисан хүмүүс их байна лээ. Цагаан суварга асууж сурагласаар хүслэнт газраа сая дөрөө мултлах. Баахан хий явчихаж гэж ирээд дуу шуутай бууцгаах аж.

Нутгийн улс хаагуур яаж явах, хаана ямар энхэл донхол байгааг шөнө явсан ч тойроод л гарах. Харин засмалаас өөр зам мэдэхгүй орон хотын улсад говийн нугачаа, энүүхэнд гэж хэлээд өдрийн талд нь явах энэ бүхэн адал явдал.

Цөлжилт тэлж байгаа энэ үед хөрсний эвдрэл лут асуудал болж хувирлаа. Олон зам зах замбараагүй гарах тусмаа л элсний нүүдэл тэлнэ. Өвс ургамал ургах нь багасна. Ан амьтан нь үргэж холдоно. Малын бэлчээр тэр хэрээр хумигдана.

Дэлхийн хамгийн алдартай хавцал буюу АНУ-ын Гранд канёонтой төстэй Цагаан суварга алсаас харахад цайран гэрэлтэх суварга, байшин сууц, хот балгас мэт үзэгдэнэ. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч, эрэг ганга, мөргөцөг үүсгэжээ. Сүрдэм гэж. Орой дээрээс нь доошоо гулсаад уначихмаар... Унаж явахад зуурах юм байхгүй гээд бод. Тийм л нүцгэн...

Мөргөцгийн өндөр нь 60 орчим метр бол өргөн нь 400 метр гэж байна. Борооны дараа Цагаан суваргаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэж байна.

Их үдийн нар дээрээс гамгүй төөнөнө. Тэмээ, гүрвэл хоёр л говьд таарлаа. Аяллын дурсамж хоног хугацаа өнгөрөх тусам тодорч, улам амт ордог. Говь юм чинь халуун байх нь хууль болохоор майхан саваа босгох ажилд манайхан шилжлээ. Зуны салхи морин дэл дээр явдаг юм уу, явган ойр зуур явахад жигтэйхэн бүгчим байв. Нам гүмхэн үдийн халуун...

Говьд худаг дагаж амьдрал. Ус сайтай л явахгүй бол халуун говьд хатах, ангах энүүхэнд. Манайхан хангай лугаа санаад хэцүүддэг гэж байсан. Худаг хүртэл хувийн эзэмшил. Тиймээс усаа л арвин их нөөцлөх. Гар нүүрээ угаасан ч тэр хэмнэх, гамнах талаар үргэлж бодохгүй бол амар биш ээ.

Талдаа 400 орчим км зайтай Цагаан суварга ороход тав зургаан цаг давхиад хүрнэ. Засмал зам зарим газраа сүрхий эвдэрч гэмтсэн байна. Том том нүүрсний тэрэг хажуу бөөрөөрөө хамах нь холгүй зөрөн өнгөрнө. Энэ аварга техник арай гэж тавьсан говийн замыг гамгүй эдэлж байна аа. Зам дагаж байж л хөдөөгийн иргэд амьдралтай залгаж байгаа болохоор үүндээ харам байхаас аргагүй.

Говьд тэнгэрийн хормой эмжсэн хонин цагаан үүл, сунан тогтсон намхан уулсаас өөр бараа байхгүй нь жаахан уйтгартай. Эндээс айлын бараа нэгжээд ч нэмэргүй нь. Намар орой л цагаан зээр үүгээр нүүдлэн орж ирдэг байх. Цагаан суварга тойроод гарын таван хуруунд л багтах жуулчны бааз байна. Хотоос гарахаас хоёр хоногийн өмнө буудлах өрөө эндээс утас цохин сурагласан ч битүү захиалгатай гэв. Амралтын өдрөөр дүүрдэг байх нь.

Солирын бороо найман сард дэлхийд их ойр харагддаг юм байна. Тэр тусмаа говьд илүү тод гэнэ. Үүнийг шөнийн тэнгэр дор ширтэн тоолон суулаа, бид. Сансар огторгуй өнгө зүсээ говийн шөнө улам чиг бишрүүлнэ. Бүсгүй хүн хувцсаа тайлах шиг гоо үдэш... Орой дээр гараг эрхэс хотолж, очоод зүүгдмээр чиг ойрхон байна.

Цагаан суваргыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авчээ. Эндээс зүүн урагшаа 20 орчим км яваад Монголын түүх дурсгалын хосгүй үнэт өвд тооцогдох Дэл уулын цогцолбор газар үзэх боломжтой юм байна. Байгаль дээрх уран зургийн галерей гэж тус газрыг эрдэмтэн судлаачид үздэг аж. МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгал болсон хадны сүг зураг өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн байна.

Эрх дураараа, хаана нь ч хүрсэн эрх чөлөөг бүтэн мэдрэх өргөн уудам эх орныхоо энгүй байгальд хариуцлагатай аялах л хамгаас чухал байна. Зорьж, зүтгэж ирэх дагшин нутаг хиртэх учиргүй юм. Үе удмаараа бид энд л үүрд орших. Чиний, миний эх орныг чи биднээс илүү хайрлан хамгаалах нэгэн энэ дэлхийд үгүй. Мөргөж яваарай. Бусдад мөрөөдөл болсон ийм эх орныг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлж, үлдээсэн юм аа.


Б.Баяртогтох