Улсын нийслэл Улаанбаатар хотоос “Хустайг зорих аялалд гарахаар сонирхож байна уу?  Тэгвэл зам зааж өгье. Хоттой хаяа дэрлэх энэ газар хүүхдээ дагуулж очихыг танд зөвлөж байна.  Таны хүүхдэд ямар ч толь бичгээс уншихгүй мэдээлэл, мэдээж сайхан дурсамж болон үлдэх болно. 

Цас унахаас урьтаж заавал үзэх газрын нэг. Замын жаахан хүнс аваад машин унаандаа ч мөн шатахуунаа базаагаад хотын баруун зах 22-ын товчоогоор замд гарна. Хотоос гарахдаа машины миллээ тэглэх юм уу эсвэл замын хажуу талд км заах пайзыг харахад гэмгүй. Засмал замаар нийт 82 км яваад зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр урагш эргэж шороон зам руу орох юм шүү.

Төөрөх будлих гэсэн асуудал байхгүй ээ. Эргэлт дээр Хустайн БЦГ-ын танилцуулга бүхий тэмээнээс тэмдэгтэй, томоос том самбар бий. Эргэх шороон замыг тань дагаад модон цахилгаан шон хөтлөөд л оччихно.

Шороон замаар нийт 13 км дахиад л Хустайн төв буюу бааз дээр хүрч очно. Ирэх замд тань Молцог элс бий.

Ингээд Хустайд буюу бааз дээр ирнэ. Мэдээж энд ирээд ТАХЬ хэмээх адууг үзэх учиртай. 

Хустайн нуруу нь хусан ой, уулын хээр, элсэн толгод, харгилан урсах цэнгэг горхи, үелэж хураасан мэт байц цохионууд, говийн хайлс бүхий байгалийн өвөрмөгц сонин тогтоц , дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу тахь элбэг.

Энэ газар 1990-ээд оны эхээр халиун буга гэхэд 50-аар тоологдож байжээ. Харин одоо 1300 болж нэмэгдсэн байна. Тахиас гадна зөвхөн шувуу харах гэж ирдэг жуулчид, шувуу сонирхогчид цөөнгүй гэнэ. Энэ нь нүүдлийн үеэр дэлхийд нэн ховордсон шувууд цугладагтай холбоотой. Тухайлбал ховор шувуудаас хар тогоруу, цэн тогоруу, амрын шонхор, идлэг шонхор, нөмрөг тас, ёл зэрэг шувууд өндөглөн амьдардаг ажээ. Жилд энэ газрыг үзэхээр 25 мянган хүн зорьж ирдэг гэсэн тоог тахь хамгаалагчид дурдаж байв.

Хустайн үндэсний паркт ирснээр

• Тахь харах

• Морь унах

• Загас барих

• Байгалийн сайханд явган алхана.

Хустайн нуруу нь нийт 52 мянган га талбай бүхий зэрлэг амьтдын диваажин бүхий бүс нутаг. 2019 оны байдлаар 370 тахь, 1800 орчим буга, 40,000 гаруй тарвага болон чоно, үнэг, аргал гэх сэт бусад амьтад тоологдсон. Тарвагыг яаж тоолов гэж гайхаж байна уу? Тоолох аргуудыг ашигласан юм шүү. Угаас хустай руу явж ороход хүнээс урьтаж тарвага таныг тосоод авна. Бид 40 мянгуулаа гэж байгаа юм шиг энд тэнд хошигроод л сүүлээ годгонуулаад л давхилдах нь хөөрхөн. Уг нь тахийг хамгаалах гэж байгалийн цогцолбор болгон хамгаалсан нь өнөө хэдэн хулгар шаруудад тааваараа нутаглах боломж олгосон хэрэг.

Тус газар нь Улсаас төсөв авдаггүй бөгөөд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг учир нэг хүний 5000 төгрөгийн хураамж төлдөг. Хураамж төлөөд та тухайн бааз дээрх музей болон бэлэг дурсгалын дэлгүүрээр зочлоод хүсвэл амтат хоол, уух зүйлээр ч үйлчлүүлж болно. Алжаалаа тайлж цээж дүүрэн амьсгалж, алсын барааг харж, тайвуухан идээшлэх ан амьтдын холоос ажиглах гэж цөөнгүй хүн очдог.

Жилийн 4 улиралд тасралтгүй ажилладаг зундаа 100 хүртэл хүн хүлээн авах хүчин чадал бүхий жуулчны бааз, сургалт, хурал зохион байгуулах заал танхимаар ч үйлчлүүлэх боломжтой билээ.

Хамгийн гол нь тухайн газрын дүрмийг баримтлах ба зэрлэг амьтдыг үргээх, хамгаалалтын бүсэд явган аялал хийх, чанга дуу чимээ гаргах хориотой. Тухайн газрын амьтдыг зөвхөн тухайн газрын хүмүүс бус бид бүхний хичээл зүтгэл хүртэл хэрэгтэй юм шүү дээ.

Холбоотой нийтлэл унших: Дэлхий дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адуу