Машины дугуйнд ивээс хийж байтал жолооч гэнэт хөдлөн дайрч цэргийн албан хаагч амь нас нь хохирсон талаар хэвлэлээр бичиж байгаа билээ. Энэ талаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргал дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тэрбээр ЗХЖШ-т томоохон албан тушаал хашиж байгаад чөлөөлөгдсөн генералын хаус нь барьж яваад осолдсон гэсэн мэдээллийг үгүйсгэсэн юм.

"Зэвсэгт хүчний албан хаагчид "Найман шарга” сувилалд 5 дугаар сарын нэгнээс 10 дугаар сарын 1 хүртэл амардаг. Үйл ажиллагааг нь манай анги хариуцан гүйцэтгэдэг. 2018 оны 11 дугаар сарын 5-нд амралт хаасны дараа үндсэн шугамд холбох ажлыг гүйцэтгэх 20-иод хүний бүрэлдэхүүнийг томилсон. Шилжүүлсэн газрынхаа газар шорооны ажил хийх гэтэл хөрсний ус гарч ирээд байсан учраас он дамжуулж хийсэн. Ингээд 2019 оны төлөвлөгөөнд тусгаж өгсөн юм. Ингээд энэ сар ажил эхлүүлэх гэтэл хөрсийг солих ёстой гэсэн дүгнэлт гарч 11 машин шороо шаардлагатай болсон.  Тухайн өдрийн хуваарийн дагуу жолооч самосвал машинтайгаар гарсан. Гэвч манай албан хаагч машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон явдал гарлаа. Энэ явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичиж байгаа шиг нэр бүхий генералын байшинг барьж байхад гараагүй. Албан үүргээ хуваарийн дагуу гүйцэтгэж яваад ийм харамсалтай зүйл боллоо. Бид маш их эмгэнэн гашуудаж байна. Үүнийг хүндэтгэж талийгаачийн талаар элдвийн зүйл ярихгүй байхыг хүсье. Гэр бүлийн хүмүүс нь энэ асуудалд эмзэг хандаж байгаа. Бид талийгаачийн ар гэртэй байнга холбоотой байгаа. Уг асуудлаар хууль хяналтын байгууллага тогтоосны дараа асуудалд хандана гэдэг хүсэлтийг дамжуулсан " гэв.