УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ удаагийн сонгуульд Орхон аймагт АН-аас нэр дэвших эрхээ өвөртлөөд буй. Нэр дэвших эрхээ авсан түүнтэй холбоотой нууц бичлэг өнөөдөр нийгмийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээгээд буй. Энэ талаар тэрбээр ийнхүү тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Мафийн тогтолцоотой үед аливаа улс төрчийг янз бүрээр оролддог. Ялангуяа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн дэлгэнэ, Эрдэнэт үйлдвэрийн шахааны асуудлыг гаргана гэчихсэн байгаа үед аргагүй. Над шиг улс төрчийг гурван янзын аргаар унагаадаг юм. Эхнийх нь мөнгө, албан тушаал амладаг юм. Надад МАХН-аас гар, сонгуульд битгий ор гэж сая доллар өгье гэж хүртэл амлаж байсан хүмүүс бий. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролддог. Азаар би ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл аваагүй, 60 тэрбумын хэрэгт орооцолдоогүй учраас яаж ч чадахгүй. Бас нэг арга нь шившгийн хөндийгөөр хөтлөх. Иймэрхүү хүний нэр хүндийг унагаах аргаар энд тэнд ярьсан яриаг эвлүүлж, гаргадаг юм. Би 2019 онд хууль санаачилж батлуулсан юм. Энэ нь зөвхөн цагдаа, тагнуул, хууль хүчний байгууллагууд гүйцэтгэх ажлыг явуулах эрхтэй. Ийм эрхгүй хүн гүйцэтгэх ажилд оролцвол 5 жилээр яллах хатуу зүйл ангитай. Надаар оролдож байгаа хүмүүс үүнийг мэдэж байгаа учраас сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэсэн хөнгөн ял авахын тулд үүнийг хийжээ. Бичлэгийг сонссон, үнэхээр инээдэмтэй санагдсан. Бадамжунай гэдэг хүн миний амьдардаг байрны ойролцоо амьдардаг. Бид таардаг, ер нь хэн нэгэнтэй уулзах нь гэмт хэрэг биш биз дээ. МАН-ынханд хэлэхэд та нар ийм байдлаар битгий өрсөлд. Сайхан өрсөлдөж сур л даа. Та нар тэртээ тэргүй шоронд орно.