УИХ дахь АН-ын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Тавдугаар сарын 25-наас шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлнэ. УИХ сонгуулийн жил учраас чадамжгүй боллоо гэсэн үг. Харин Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ солих ёстой. Гэтэл Үндсэн хууль хэрэгжихээс өмнө УИХ-ын чуулганыг завсарлуулах гэж байна. Үндэслэл нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг солих субьектгүй болгоод, хуулиас зугтаж байна. 

Шүүх хараат бус байна гэж тохирсон. Ингэхийн тулд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг Хууль зүйн сайд санал болгоно гэж байгаа. Үндсэн хуульд огт ийм заалт байхгүй. Манай хууль зүйн сайд өөрөө хулгайч, 22 жил хууль хулгай хийсэн. Шинэ МАНАН-гийн шинэ хонгил гэмт хэргээ нуун дарагдуулах гэж байна.

Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор арваннэгдүгээр сарын 4-6-нд шилжих шөнө 200 орчим тонн ачаа хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна. Энэ долоон машинд паспортыг нь сольж өгсөн байна. Цагдаа, тагнуул ажиллахгүй байна. Эднийг яаралтай солимоор байна. Хулгай бүр хэтэрлээ. Хулгайч нар нам байгуулсан байна. Шүүхийн тухай хуулийг энэ хэвээр нь баталбал шинэ Үндсэн хуулиа зөрчинө. Ингэх юм бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад нэмэргүй.