УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахмад настны тэтгэврийг нэг удаадаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасантай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

О.Баасанхүү: 

Иргэдийг өртэй байлгах сонирхол аль ч улс төрчдөд байдаггүй юм. Асуудал нь цаанаа Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэйд бий. Үүний цаадах ноцтой зүйл нь Монгол Улс дефолт болвол яах вэ? Хэрвээ дампуурвал хандивлагч орнуудын клуб гэж бий. Тэр клубээр өртэй улсын өрийг зардаг юм. Мэдээж манай улс энэ дээрээ хүртэл яригдвал авах сонирхолтой улс байгаа, тухайлбал Хятад улс бий. Тэр битгий хэл өмнө нь дефолтын тухай ид яригдахүед Баян-Өлгийн зарим газрыг авах талаар албан бус яриа гарч байсан.  Тухайн үед Хятад улсаас өндөр хүүтэй зээл авах, ОУВС-д орох боломж байлаа. Ингээд ОУВС-тай найзалсан. 

Энэ үед ерөнхийлөгч маань гоё шийдвэр гаргалаа. Тэтгэвэр тэглэх мөнгөө Салхитын мөнгөний ордоос гаргах юм байх. Хэний гэдэг нь тодорхойгүй. Үүнийг тодруулмаар байна. Янбангийн өмч байсныг Монголын төр авсан. Янбангийн ард нэг генерал байсан түүний ард хэн байгааг би мэдэхгүй, Ерөнхийлөгч мэднэ. Салхитын мөнгөний ордны ард хэдэн шүүгч буруудаад дууссан. Хэдэн зуун сая төгрөгийн авлигал өгсөн гэдэг. Яг үнэндээ төрд мөнгө байхгүй. Хэрвээ  мөнгөтэй бол нийгмийн даатгалын санг нэмэгдүүлэх байсан. Ичсэн хүн хүн ална гэж. Бантсандаа МАН баахан мөнгө хэвлэх байх, яг Венесуэл шиг. Өөр хувилбар байхгүй.

Өнөөдөр тэтгэврийн зээл болон хүүг тэглэхэд 773 тэрбум төгрөг хэрэгтэй. 233034 хүн зээлийн данс нээсэн байгаа юм, давтагдсан тоогоор шүү дээ. Хэрэв мөнгө нь байгаа бол ахмадуудыг алагчилж болохгүй. Гэхдээ хуульчлахын өмнө Салхитын мөнгөний ордын эзэмших эрх нь шүүхээр шийдэгдсэн үү, хоёрдугаарт 11 сарын байдлаар байгаа 773 тэрбум төгрөг байна уу. Энэ хоёр асуултын хариуг авчихвал хуулийн төсөл нь бэлэн байна. Шийдвэр гаргасан хүмүүсээс  773 тэрбум төгрөг байгаа юу гэдгийг асууя. Цаана чинь арилжааны банкууд баярлаад сүйд. Аргагүй шүү дээ. Эрсдэлгүй шийдвэр юм чинь. МАН-д ярих хийх ажил алга. Шулуухан хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гитар дарахаас өөр ямар ч ажил хийхгүй байна.